Д.Трамп: ОХУ-ын дизель түлшний дэд бүтэц, газрын тосны үйлдвэрүүд рүү бүү халд

Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт Ойрх дорнодын хямралаас бус, бодит байдал дээр Украины дайнаас шалтгаалж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийн өсөлтийн улмаас АНУ-д дизель түлшний жижиглэнгийн үнэ түүхэндээ анх удаа нэг галлон нь 6 ам.долларыг давсан нь хэрэглэгчдэд улам их дарамт учруулж эхэлсэн байна.

Өнгөрөгч ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины төрийн тэргүүн Володимир Зеленскийд хандан ОХУ-ын дизель түлшний дэд бүтэц, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч байгаа дроны цохилтоо зогсоохыг уриалжээ. Тэрээр Украины армийн ээлж дараалсан дроны цохилт нь дэлхий даяар дизель түлш болон шатахууны хомсдлыг өдөөж, барааны үнэ болон инфляцын өсөлтөд голлон нөлөөлж байна гэж мэдэгдсэн байна.

Доналд Трамп "Зеленский нэг л зүйлийг хийх ёстой. Тэр Оросын дизель түлшний хангамжийг сүйтгэж, Москвагийн газрын тосны боловсруулалтыг тасалдуулж байгаа үйлдлээ зогсоох хэрэгтэй. Украины армид довтолж болох бусад олон зуун бай байна. Гагцхүү дизель түлшийг бүү хөнд, энэ нь дэлхий нийтийг хүнд байдалд оруулж байна"  хэмээжээ. 

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг "Агаарын довтолгооны хууль ёсны бай" гэж үзэж байна. Өмнө нь тэрбээр Оросын эрчим хүчний салбарт өгөх цохилт нь Кремлийн дайныг санхүүжүүлэх эдийн засгийн чадамжийг нь сулруулах хамгийн үр дүнтэй арга гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл “Ойрх дорнодын хямрал, Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт АНУ-ын хэрэглэгчдэд дарамт учруулж эхэлсэн нь ирэх 11-р сард болох Конгрессын сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй. Гэвч Доналд Трамп уг үнийн өсөлтөд Ираны дайн бус, Украины дроны халдлага буруутай мэт ойлгуулахыг оролдож байна” гэж шинжээчид хэлж  байна.