Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирсноос 18 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Зам тээврийн осол гарах гол шалтгааны нэг нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас ашиглах, анхаарал болгоомжгүй байх, мөн явган зорчигчид зам тавьж өгөхөөр аль нэг эгнээний машин зогссон үед нөгөө эгнээгээр жолооч зогсохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэх зэрэг зөрчлөөс шалтгаалан хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдах нөхцөл үүсдэг байна.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүн амиа алджээ. Үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Энэхүү үзүүлэлт нь 2024 оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөнийг тээврийн прокурорын газраас мэдээлж байна.
Харин энэ оны эхний 8 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 66 хүн зам тээврийн ослоос шалтгаалан амиа алдсан байна. Нийт бүртгэгдсэн ослын дийлэнх буюу 97 хувь нь жолоочийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой болохыг хууль хяналтын байгууллагаас онцолж байна. Жолооч нар орон нутгийн замд хурдны хязгаарыг санаатайгаар хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед дүрэм зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа оролдох, урсгал сөрөх зэргээр өөрийн болон бусдын амь насыг хамгийн өндөр эрсдэлд оруулж байна.
Өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхдээ зөвхөн нас баралтын статистик үзүүлэлтэд анхаарал хандуулж, осолд өртөн хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд болон тэдний гэр бүлд тулгарч буй сэтгэл зүй, нийгэм эдийн засгийн урт хугацааны дарамтыг орхигдуулах хандлага ажиглагдаж байгааг зарим судлаачид хэлдэг. Тээврийн цагдаагийн албаны албан ёсны тоо баримтаар, зам тээврийн ослын улмаас 3800 гаруй хүүхэд насан туршдаа бэртэл гэмтэлтэй үлдэж, улмаар ирээдүйд нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөдөлмөрлөх боломжоо хязгаарлуулж ирээдүйд авч болох олон боломжоо алдаж байна. Түүнчлэн явган хүний гарц дээр хурд сааруулдаггүй жолооч нарын дүрмийн бус зан үйл нь насанд хүрээгүй иргэдийн амьд үлдэх, эрүүл аюулгүй орчинд өсөж торних суурь эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэлбэр юм. Үүнээс гадна жолооч нарын дийлэнх нь явган зорчигчдод зам тавьж өгдөггүй, тэр дундаа гэрлэн дохиогүй явган хүний гарцаар гарах үед анхаарал болгоомжгүй ханддаг талаар хэлж байна.
Иргэд зам тээврийн ослоор нас барах нь нэмэгдэж буй энэ үед жолооч нарын анхаарал болгоомж, хариуцлагатай байдал нэн шаардлагатай байгаа юм. Ялангуяа явган зорчигчийн гарц орчимд хурдаа сааруулах, зам тавьж өгөх, гар утас ашиглахгүй байх зэрэг энгийн дүрмийг мөрдөх нь осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм. Тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдалд жолооч бүр онцгой анхаарал хандуулж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.