Алдагдалтай ажилласан төрийн өмчит 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгосон асуудал хөндөгдлөө

Алдагдалтай ажилласан төрийн өмчит 31 байгууллагын удирдлагууд өөрсдөдөө урамшуулал олгосон асуудал хөндөгдлөө. Энэ мэт олон асуудлын улмаас төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй, УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хаалаа. Харин үүнтэй зэрэгцэн НИТХ-ын ээлжит бус 14-р хуралдаан зарлагдаж, нийслэлийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанаар нийслэлийн засаг даргын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр нийслэлийн өмчит 31 байгууллага алдагдалтай ажилласан ч байгууллагуудын удирдлагуудад их хэмжээний урамшуулал олгосон асуудал хөндөгдсөн байна.

Нийслэлийн төсвийг өнгөрсөн онд дөрвөн удаа тодотгож, 4.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч бодитоор 3.8 их наяд төгрөг бүрдүүлж, орлогын гүйцэтгэл 90.6 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 396.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Харин орлого тасрахад хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүү, торгуулийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь голлон нөлөөлсөн гэж албаныхан мэдээлж байна. 

Харин аудитын дүгнэлтэд нийслэлийн өмчит байгууллагуудын санхүүгийн сахилга баттай холбоотой асуудал хөндөгдөж, 31 байгууллага алдагдалтай ажилласан байхад ашигтай ажилласан 9 байгууллагын удирдлагад бодит ашгийн 20 хүртэлх хувиар урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн алдагдалтай ажилласан байгууллагуудын удирдлагууд 5.5-12 сая төгрөгийн цалин авч байгаа асуудлыг НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж хөндлөө. Ингэхдээ 396.9 тэрбум төгрөгийн орлого тасарсан нь нийслэлд алдагдалтай ажилласан байгууллагуудын удирдлагын цалин, урамшуулал ямар үр дүн, ямар шалгууртай уялдах вэ гэдэг асуудал үүсэж байгаа юм.

Ийнхүү нийслэлийн төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрээгүй, нийслэлийн өмчит байгууллагууд алдагдалтай ажилласан байна. Гэвч төсөв нь тасарч, байгууллагууд нь алдагдалтай байхад удирдлагын урамшуулал өсөх нь нийслэлийн санхүүгийн сахилга бат ямар түвшинд байгааг харуулах нэг үзүүлэлт болж байна.