Дугаарын хязгаарлалт нь хэт их ачааллыг түр бууруулж байгаа зохицуулалт тул урт хугацааны шийдэл хэрэгтэй байна 

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар орчмын хугацаанд хэрэгжүүлсэн автомашины улсын дугаарын хязгаарлалт өнгөрөгч бямба гараг буюу 9-р сарын 12-оор дуусгавар боллоо. Ингэснээр ажлын өдөр эхлэхтэй зэрэгцэн дахин түгжрэл нүүрлэлээ.

Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо замын сүлжээний өсөлтөөс илүү хурдацтай нэмэгдэж ирсэн. Өмнөх албан мэдээллээр Улаанбаатарт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 700 мянгыг давсан бөгөөд автомашины өсөлт нь хотын замын нэвтрүүлэх чадвартай шууд зөрчилдөж байна. Нийслэлийн статистикийн газрын мэдээллийн сангаар автомашины тоог төрлөөр болон он жилээр бүртгэн гаргадаг.  Ийм нөхцөлд дугаарын хязгаарлалт нь богино хугацаанд зам дээрх автомашины тоог шууд бууруулах боломжтой арга хэмжээ болж байна. Өмнөх хэрэгжилтийн үеийн албан мэдээллээр дугаарын хязгаарлалттай үед хөдөлгөөнд оролцох автомашины тоо хязгаарлалтгүй үеийнхээс ойролцоогоор 45-50 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 7-8 км цаг байснаас 17-18 км цаг хүртэл нэмэгдэж байсан тохиолдол бий. Энэ нь автомашины урсгал тодорхой хэмжээнд буурахад нэг замаар зорчих хугацаа багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгддэгийг харуулсан үзүүлэлт юм. Тэгвэл энэ удаагийн хязгаарлалтыг дахин үргэлжлүүлэх эсэх дээр харилцан адилгүй байр суурьтай байна. 

Өнөөдрийн байдлаар ачаалал авсан оргил цэгүүд болох Чингэлтэйн өргөн чөлөө, Наадамчдын зам, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Зайсангийн гудамж гэх цэгүүдэд замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохицуулалт хийж ажиллаж байна.

Дугаарын хязгаарлалт нь түгжрэлийн үндсэн шалтгааныг арилгаж байгаа арга хэмжээ биш гэдгийг иргэдийн зүгээс хэлж байна. Тухайлбал, өнөөдөр зам дээр явж буй автомашины тоог тал хувиар буурууллаа ч нийслэлд бүртгэлтэй автомашины нийт тоо хэвээр үлдэнэ. Хязгаарлалт дуусмагц 2 өдөр зорчоогүй автомашинууд дахин замын хөдөлгөөнд оролцож эхэлдэг учраас замын ачаалал буцаад нэмэгдэх нөхцөл үүсдэг. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт нь түгжрэлийг буруулж байгаа шийдэл гэхээсээ илүү хэт их ачааллыг түр бууруулж байгаа зохицуулалт бөгөөд автомашины өсөлтийг дагасан хот төлөвлөлтийн асуудлыг шийдэхгүй бол энэ арга хэмжээний үр нөлөө урт хугацаанд хангалтгүй хэвээр байх юм.