“Солонго-1, 2” орон сууцын метр квадратын үнэ 4 сая 428 мянган төгрөг байна

Байртай болох хүсэлтэй иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн “Солонго-1, 2” орон сууцны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 10-аас цахимаар эхлүүлж, 11-р сарын 1-ээс оршин суугчдаа хүлээн авахаар төлөвлөжээ. Тус орон сууцны нэг метр квадратын үнэ 4 сая 428 мянган төгрөг байх бөгөөд зорилтот 9 бүлгийн иргэдэд 30 хувийн урьдчилгааг 15 хувь болгож, ипотекийн 6 хувийн зээлд хамруулахаар зохицуулсан байна. 

Иргэдийг орлогод нь нийцсэн, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Солонго-1, 2” хотхон нь Хан-Уул дүүргийн 21-р хороо, Нисэх орчимд байрлаж байна. Хотхон нь хоёр болон гурван өрөөний сонголттой, айл бүр тусдаа угаалгын өрөөтэй бөгөөд гурван давхар шилэн цонх, шалны дуу тусгаарлалт, ашиглалттай дээвэр болон нарны панелийн системээр тоноглогджээ.

Эхний ээлжид 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулж нийтийн албан хаагчдад 715 буюу 35 хувийг нь олгоно. Үүнээс 408 байрыг эмч, багш нарт хуваарилахаар төлөвлөжээ. Үлдсэн байруудыг залуу хосууд болон бусад шаардлага хангасан иргэдэд олгох юм байна.

Харин иргэдийг сонгон шалгаруулахдаа засгийн газрын 81 дүгээр тогтоолоор баталсан төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг мөрдөнө. Үүний дагуу 18 нас хүрсэн, тогтмол орлоготой, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй иргэн байхаас гадна өрхийн гишүүдийн нэр дээр орон сууц бүртгэгдээгүй буюу анх удаа орон сууцтай болохоор хүсэлт өгсөн байх шаардлагатай.

Мөн залуу хосуудын хувьд хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн байхыг шаардах бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудыг түр суурьшуулах зохицуулалтыг ч тусгажээ.

Орон сууцны сонгон шалгаруулалтыг 14 хоногийн хугацаанд цахимаар явуулж, иргэдийг 100 онооны системийн дагуу бүртгэнэ. Ингэснээр сонгон шалгаруулалтад хүний оролцоог багасгаж, шударга явуулах боломжтой гэж үзэж байгаа юм.