МУИС-ийн 2-р дотуур байранд тусгай хэрэгцээт оюутан асран хамгаалагчийн хамт амьдрах боломжтой

МУИС-ийн 2 дугаар дотуур байр тусгай хэрэгцээт оюутнуудад ээлтэй орчин бүрдүүлсэн жишиг дотуур байр болж, энэ хичээлийн жилд 4 оюутан байрлаж байна. Тус байр нь нэг өрөөнд хоёр оюутан амьдрах зохион байгуулалттай, өрөө бүр ариун цэврийн өрөө, душтэй, дотуур байрны стандартыг бүрэн хангажээ. Мөн тусгай хэрэгцээт оюутан дотуур байрандаа эцэг эх, асран хамгаалагчийн хамт амьдрах боломжтой. Асран хамгаалагч нь хүүхдийнхээ хамт нэг жилийн хугацаанд амьдрахад 3 сая төгрөгийн төлбөр төлөх бөгөөд энэ нь оюутнуудын суралцах орчныг бүрдүүлэхээс гадна сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

Оюутны 2-р байр нь 2024 онд жишиг байр болсон бөгөөд энэ жилийн төлбөр нь 3,2 саяаас эхэлж байна. Оюутнуудын тав тухыг бүрэн хангасан өрөө болгонд ус душтэйгээс гадна зориулалтын угаалга хатаалгын өрөө ч байна.  Асран хамгаалагчдын  зүгээс тусгай хэрэгцээт оюутнуудын  суралцах  таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эцэг эхтэйгээ хамт байх боломж олгож байгаад баяртай байна гэлээ. 

Манай улсад тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих, амьдрах таатай орчныг бүрдүүлэх ажил энэ мэтчилэн өрнөж байгаа ч оюутнуудын хувьд ямар автобус хаанаас ирэх, хаашаа явж байгаа нь тодорхойгүй байдаг учраас хүнээс асуух, цаашлаад зарим тохиолдолд хол газар алхахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тиймээс энэ асуудлыг анхаарч өгөхийг холбогдох албаныхнаас хүслээ.