9-р сарын 15-аас айл өрхүүдийн халаалт, дулааныг үе шаттайгаар өгч эхэлж байна. Халаалт тавьж буй эдгээр өдрүүдэд айл өрхүүд орон сууцныхаа халаалтын шугам, радиатор болон холбогдох тоноглолын бүрэн бүтэн байдлыг шалгаж, гэмтэл, эвдрэл илэрсэн тохиолдолд засвар үйлчилгээг яаралтай хийлгэх шаардлагатай байна. Мөн өнгөрсөн 6-р сарын 5-аас дулааны тарифыг 5 хувиар нэмэгдүүлсэн тул айл өрхүүдийн дулааны төлбөрийг энэ сараас эхлэн шинэ тарифаар тооцох юм.
Айл өрхүүд хүйтний улирал бүрэн эхлэхээс өмнө халаалтын системийн гэмтэл, эвдрэлийг цаг алдалгүй илрүүлж, шаардлагатай тохиолдолд СӨХ болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай дуудлага өгч, засварлуулах шаардлагатай байна. Хэрэв халаалтын системд гэмтэл, ус алдалт болон бусад асуудал илэрсэн тохиолдолд цаг алдалгүй дуудлага өгч, арга хэмжээ авахгүй байх нь тухайн байрны халаалтын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл нэг айл өрхөд гарсан гэмтэл нь байрны нийт халаалтын системд нөлөөлж, улмаар тухайн байрны бүх айлын дулааныг түр хугацаагаар хязгаарлах нөхцөл үүсдэг байна.
Энэ жилийн халаалтын улиралд дулааны үнэ нэмэгдсэн нь айл өрхүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсгэж магадгүй байна. Дулааны эрчим хүчний үнэд 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэл, түгээлт, нийлүүлэлтийн зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор дулааны эрчим хүчний тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл үүсэж, цаашид найдвартай байдлыг алдагдуулах эрсдэл бий болсон байна. Тиймээс эрчим хүчний зохицуулах хороо 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчний үнийг 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр 1 м² талбайд ногдох дулааны эрчим хүчний үнэ 531 төгрөг болжээ. Гэвч бодит өртөг 936 төгрөг байгаа тул ийнхүү үнэ нэмсэн ч алдагдалтай ажилласан хэвээр байна.
Зарим иргэд дулааны эрчим хүчний үнэ нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байсан бөгөөд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж буй энэ үед цахилгаан, дулааны тариф нэмэгдсэн нь өрхийн амьжиргаанд цаашид санхүүгийн нэмэлт дарамт учруулж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Айл өрх цахилгааны хэрэглээгээ тоолуураараа хянаж, хэмнэх боломжтой бол дулааны хэрэглээг өрх бүрээр тооцож, хянах боломж манай улсад одоогоор хязгаарлагдмал байна. Улаанбаатар хотод 311 мянга орчим дулаан хэрэглэгч байгаагаас ердөө 0.5 хувь нь дулааны тоолууртай байна. Ирээдүйд дулааны тоолуурыг өргөнөөр суурилуулбал иргэд бодит хэрэглээндээ тулгуурлан төлбөрөө төлөх, хэрэглээгээ хянаж хэмнэх боломж бүрдэх ажээ.