Украины ерөнхий прокурор Руслан Кравченко авлигын хэрэгт нэр холбогдсоныхоо дараа огцрох өргөдлөө өгсөн боловч мөрдөн шалгах ажиллагааны үеэр хил даван зугтсан байна. Харин даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський мөрдөн байцаалтын үеэр зугтсан ерөнхий прокурорыг албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэрийг албан ёсоор гаргажээ.
Украины Ерөнхий прокурорын газар болон тус улсын авлигатай тэмцэх хараат бус байгууллагуудын хооронд томоохон сөргөлдөөн өрнөж буй энэ үед ерөнхий прокурор Руслан Кравченко огцрох өргөдлөө өгснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа хил даван зугтсан байна. Тэрээр хилийн хамгаалалтынханд "Парис руу томилолтоор явж байна" гэж мэдэгдсэн боловч авлигатай тэмцэх товчооны мөрдөн байцаагчид ерөнхий прокурорыг хэргээс зугтсан гэж үзэж байна. Мөн ерөнхийлөгч Володимир Зеленський Руслан Кравченког албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, парламентын танхимд өргөн барьжээ.
Тэгвэл Украины ерөнхий прокурор Руслан Кравченко болон түүний хамтран ажиллагсад тус улсад үйл ажиллагаа явуулдаг олон арван цахим залилангийн сүлжээнээс сар бүр маш их хэмжээний хахууль авч, үүнийхээ хариуд цагдаагийн дайралт, нэгжлэгээс тэднийг хамгаалдаг байсан нь авлигатай тэмцэх товчооны шалгалтаар тогтоогдсон байна.
Украины авлигатай тэмцэх товчоо хэрэгтнүүдийн хоорондоо ярьсан нууц бичлэгийг нийтэлсэн бөгөөд тус аудио бичлэг дээр залилагчдыг хамгаалж, "хаацайлдаг" томоохон албан тушаалтныг "Андреевич" хэмээн дуудаж байжээ. Мөн түүнийг Украины төрийн татварын албаны дарга байсан гэж тодотгосон байна. Харин энэ нь Руслан Андреевич Кравченкогийн бүтэн нэр болон түүний 2024–2025 онд хашиж байсан албан тушаалтай яг таг таарч байгаа юм байна. Өдгөө баривчлагдаад буй Украины ерөнхий прокурорын баруун гар гэгддэг тус улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Кропива нь цахим залилангийн сүлжээнээс авсан хахуулийн мөнгөөрөө "Босс" буюу Руслан Кравченкогийн зуны байшингийн засварыг хийлгэж, цахилгааны генератор хүртэл суурилуулж өгч байсан нь утасны чат, бичлэгээр илэрчээ.