АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Кевин Уорш мөнгөний бодлогын хэтийн төлөвийн талаар урьдчилсан таамаг өгөх дургүй нэгэн. Гэвч АНУ-д инфляц өндөр хэвээр байгаа төдийгүй газрын тосны үнэ баррель тутам нь 100 ам.доллароос давсан тул тэрээр үнийн тогтвортой байдлыг хангахын тулд, мөн санхүүгийн зах зээлийн дохиог үндэслэн бодлогын хүүгээ дахин өсгөх нь тодорхой гэж мэдээлж байна.
АНУ-ын төв банк хоёр өдрийн хурлынхаа дараа лхагва гаргийн 14 цагт мөнгөний бодлоготой холбоотой шийдвэрээ зарлана. Тэгвэл зах зээл шинжээчид холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагчдыг зээлийн хүүгээ дөрөвний нэг хувиар буюу 3.75-4.00 хувь хүртэл өсгөн нэмэгдүүлж, цаашид чангаруулах дохио өгнө гэж таамаглаж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн 5-р сард ажлаа хүлээн авсан Кевин Уоршийг бодлогын хүүг бууруулж, эдийн завсрын идэвхжлийг дэмжинэ гэсэн илэрхий хүлээлтээр томилсон юм. Гэвч тэрээр өнөөг хүртэл мөнгөний бодлогыг сулруулаагүй явдалд К.Уоршийг буруутгахаас илүүтэй, холбооны нөөцийн сангийн бусад гишүүдийг "Улс төржсөн" хэмээн эрс шүүмжилж байна. Мөн тэрээр хэрэв хүүг бууруулахгүй бол АНУ-ын худалдааны түнш орнуудад шийтгэл ногдуулж, тарифаар боомилно хэмээн сүрдүүлээд байгаа юм.
Үүнээс гадна ирэх 11-р сард болох сонгуулийн өмнө Төв банк бодлогын хүүгээ өсгөвөл зээлийн өртөг нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд ирэх дарамт улам томорно. Энэ нь конгресс дахь суудлаа арай ядан хамгаалж буй Трампын Бүгд Найрамдах намд хүнд цохилт болж, ардчилсан намын өрсөлдөгчдөд давуу тал олгох эрсдэлтэй байгаа бөгөөд энэхүү шийдвэр гаргах торгон агшин нь К.Уоршийг улс төр болон эдийн засгийн асар том шахалтын дунд, хүнд нөхцөлд авч ирээд байна.
Нөгөөтэйгүүр Кевин Уоршид ирэх зах зээлийн дарамт улам ширүүсэж байна. Тухайлбал даваа гарагт АНУ-ын 10 жилийн хугацаатай сангийн яамны бондын өгөөж 5 хувьд хүрсэн нь газрын тосны үнийн өсөлт болон холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлтийг зах зээл хэдийнээ тусгаж эхэлснийг илтгэлээ.