Мягмар гарагт БНСУ болон Казахстан хоёр орны ерөнхийлөгч харилцаагаа шинэ шатанд гаргаж, эдийн засаг, эрчим хүч, стратегийн түншлэлийн чухал хэлэлцээрүүдийг байгууллаа. Мягмар гарагт Сөүл хотноо хоёр орны тэргүүн 19 тэрбум ам.долларын худалдаа, хөрөнгө оруулалтын буюу арилжааны хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев БНСУ-ын удирдагч И Жэ Мён-ий урилгаар Сөүл хотноо айлчилж, дээд хэмжээний уулзалт хийжээ. Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг "Ирээдүйн чиг баримжаатай иж бүрэн стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэж ахиулсныг албан ёсоор тунхагласан байна.
Мөн Токаев, И Жэ Мён нар эдийн засаг, эрчим хүч, уул уурхай, технологийн салбарыг хамарсан нийт 19 тэрбум ам.долларын өртөг бүхий багц хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа. Уг үзүүлэлт нь хоёр улсын жилийн худалдааны эргэлтээс даруй 6 дахин их дүн бөгөөд Төв Ази болон Зүүн Азийн эдийн засгийн түншлэлийг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.
Хоёр удирдагч цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, уг санаачилгын хүрээнд Казахстаны цөмийн станц болон жижиг модуль реактор хөгжүүлэх төлөвлөгөөнд Өмнөд Солонгосын технологийн компаниудыг оролцуулахаар болжээ.
Мөн дэлхий дахинд ураны олборлолтоор тэргүүлэгч Казахстан улс БНСУ-д цөмийн түлшний түүхий эдийг тогтвортой нийлүүлэх замаар Сөүлийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах баталгаа өглөө. Түүнчлэн Өмнөд Солонгосын "Doosan Enerbility" болон Казахстаны хөгжлийн банк хамтран Туркменистан мужид 1000 мвт-ын хүчин чадалтай хосолсон циклийн цахилгаан станц барих зээлийн шугамыг нээхээр тохиролцлоо. Үүнээс гадна Kazmunaygas болон Солонгосын "Samsung E&A" компаниуд хамтран Павлодарын нефть химийн үйлдвэрийн хүчин чадлыг жилд 9 сая тоннд хүргэж өргөтгөх томоохон гэрээг баталгаажуулсан байна. Өөр нэг анхаарал татсан сэдэв нь энэ уулзалтаар Солонгосын Posco Holdings компани Казахстанд олборлосон газрын ховор элементийг дэвшилтэт технологиор хамтран цэвэршүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгох гэрээ байгуулжээ. Ингэснээр Солонгос улс Хятадаас хараат бус, найдвартай технологийн түүхий эдийн шинэ сувагтай болж байгаа хэрэг гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна.