Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд ирэх оны хаврын хүнсний хэрэгцээнд 15–20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэлээ. Одоогоор 20 аж ахуйн нэгж 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлт гаргасан бөгөөд ЗГ-аас аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн нийслэлийн 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай байгаа ч дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуургын ачаалал 105–117 хувьтай байгаа нь өвлийн улиралд дэд бүтцийн ачаалал өндөр байгааг харуулж байна. Учир нь нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт хэтэрсэн тул 57.3 км инженерийн гадна шугамыг шинэчилж байгаа юм байна. Энэ нь өвлийн бэлтгэлд тулгамдаж буй гол асуудлын нэг болоод байна.
Мөн хотын зам, нийтийн тээврийн бэлтгэлийн тухайд энэ онд 111 км шинэ зам, 31 км засварын зам, 70 гаруй км дугуйн зам барьжээ. Нийтийн тээврийн 1300 автобус бэлэн байдалтай, 450 тонн буюу 9 хоногийн шатахууны нөөцтэй байна. Харин дулаан, эрчим хүчний хувьд 2027 онд 63 мвт-ын Дамбадаржаагийн дулааны станц, мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мвт-ын гуравдугаар ээлж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.