“Тавантолгой түлш” ХХК 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн иргэдэд 427 мянган тонн түлш түгээхээр болжээ. Өнгөрсөн жилийн тухайд айл өрхүүдэд долоо хоногт долоон шуудай нүүрс олгож байсан нь автомашингүй өрх болон ахмад настнуудад хүндрэл учруулж, түлшээ зөөвөрлөхийн тулд машин түрээслэх зэрэг нэмэлт зардал гаргахад хүргэж байсан юм. Тэгвэл иргэдийн зүгээс долоо хоногт олгох түлшний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа бол нийслэлийн зүгээс 7 хоногт олгох түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй, харин нүүрс түгээх цэгүүдийн тоог нэмэгдүүлнэ гэсэн тайлбарыг өглөө.
Тухайлбал, долоон шуудай түлшийг ойрын зайд 10 мянга, холын зайд 20 мянган төгрөгөөр хүргэж өгдөг байна. Хэрэв энэ зардлыг 10-р сараас 4-р сар хүртэл буюу 7 сарын хугацаанд тооцвол айл өрх нэг улиралд түлшээ зөөвөрлөхөд ойролцоогоор 280-560 мянган төгрөгийн нэмэлт зардал гаргах тооцоо гарч байна. Өөрөөр хэлбэл, түлшний өөрийн үнээс гадна тээвэрлэлтийн зардал өрхийн төсөвт багагүй дарамт болж байгаа юм. Тиймээс иргэдийн зүгээс долоо хоногт олгох түлшний хэмжээг нэмэгдүүлж, түлш авах давтамж болон тээвэрлэлтийн нэмэлт зардлыг бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна.
2026-2027 оны халаалтын улиралд нийт 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн бөгөөд үүний 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөсөн байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр тооцжээ. Мөн нийслэлийн оргил галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангах бэлтгэл ажлыг хангаж түлшний борлуулалтыг эхлүүлжээ.
Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, улс орон гадаад зах зээлд нүүрсээ борлуулсаар байгаа ч дотоодод иргэд нь хэрэглээний түлшээ мөнгөө төлөөд авахад ч хүндрэлтэй байна гэж шүүмжилсээр байна. Ялангуяа хүйтний улиралд гэр хорооллын айл өрхүүд цахилгаан тасалдах, түлшний олдоц муудах зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс экспортын орлого, үйлдвэрлэлийн өсөлтөөс гадна дотоодын хэрэглэгчийнхээ бодит хэрэгцээг хэрхэн найдвартай хангах вэ гэдэг бодлог хэрэгтэй байгааг иргэд онцолсон юм.