Нийслэлд орон сууцын үнэ м.кв нь 4.8-7.9 сая төгрөгийн үнэтэй байна

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, Улаанбаатар хотын орон сууцын үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, шинэ орон сууцын 1 метр квадрат талбайн үнэ 4.8-7.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хэдийгээр жил ирэх тусам Улаанбаатар хотын орон сууцын зах зээл тэлж, шинэ барилгууд баригдаж байгаа ч иргэд өөрийн гэсэн орон сууцтай болоход ихээхэн хүндрэлтэй байгаа талаараа хэлж байна.

Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцын нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.8 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцын нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.7 сая төгрөгт хүрсэн бөгөөд мөн л Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу 5.8 сая төгрөгийн үнэтэй байна. 

Байршлаар нь авч үзвэл, Сүхбаатар дүүргийн Сүхбаатарын талбай, 220 мянгат орчимд нэг метр квадрат талбайн дундаж үнэ 7.9 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21 хороолол орчим 3.1 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна. 

Ийнхүү нийслэлд дундаж 2 өрөө байр буюу 52-60 метр квадрат талбайтай байрны үнэ 250-280 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа энэ цаг үед иргэн сарын цалингаа хуримтлуулаад, бэлэн мөнгөөр байр худалдан авах боломж амьдрал дээр бараг үгүй болсон гэдгийг хэлж байна. Тухайлбал улсын хэмжээнд залуучуудын дундаж цалин 2-2.5 сая төгрөг байгаа бөгөөд татвар, шимтгэлээ хасуулаад гар дээр ирэх орлого нь хоёр сая орчим төгрөг байгаа юм. Хэрэв иргэн сарын цалингаа хоол хүнс, хувцас, байрны түрээсд  зарцуулахгүйгээр бүгдийг нь хадгаллаа гэж тооцоход дундаж байрны үнийг бүрдүүлэхийн тулд 12-оос 15 жил тасралтгүй хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа. Гэвч 12-15 жилийн дараа байрны үнэ энэ хэвээр байхгүй учраас хугацаа бүр л уртсах тооцоолол гарч байна.

Өнөөгийн нөхцөлд залуучуудын орон сууц худалдан авах хамгийн бодитой бөгөөд ганц санхүүгийн хэрэгсэл нь жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл болоод байна. Засгийн газраас ирэх оны төсөвт ипотекийн хөтөлбөрт 1.8 их наяд төгрөг хуваарилж, 16 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн боловч бодит байдал дээр энэ нь зах зээлийн бодит эрэлтийг хангаж чадахгүй байна. Тухайлбал арилжааны банкуудад өнөөдрийн байдлаар 47 мянга орчим иргэн зээлийн хүсэлтээ гаргасан боловч санхүүжилтийн хязгаарлагдмал квотын улмаас иргэдийн өргөдөл шийдвэрлэгдэлгүй 1-2 жилийн дараалал, хүлээлт үүсгэсэн байна. Энэхүү урт хугацааны хүлээлтийн явцад инфляц болон орон сууцын үнийн хөөргөдөл үргэлжилсээр байгаа нь залуусын анх тооцоолсон санхүүгийн төлөвлөгөөг бүрэн нурааж байна.