Италийн засгийн газар сургуулиудын орчинд Исламын шашны уламжлалт гивлүүр өмсөхийг хориглох, мөн нэг ангид суралцах гадаад сурагчдын тоонд хатуу хязгаарлалт тогтоох багц шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ням гарагт тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони өөрийн тэргүүлдэг "Италийн ахан дүүс" намын залуучуудын чуулга уулзалтын үеэр албан ёсны төлөвлөгөөг зарласан байна.
Ням гарагт италийн ерөнхий сайд Ж.Мелони "Итали улсад ямар ч соёл, уламжлалын нэрээр залуу охидыг өөрийн нүүр царайг нуухыг албадахыг зөвшөөрөхгүй. Сургуулийн орчинд хүн бүрийн нүүр царай ил байх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Италийн сургуулиудын нэг ангид суралцах гадаад иргэншилтэй хүүхдүүдийн дээд хязгаарыг хуульчлан нарийвчлах бөгөөд уг төслийг сайд нарын зөвлөлд өргөн барихаар төлөвлөжээ.
Италийн засгийн газраас хэлний бэрхшээлтэй гадаад сурагчид нэг ангид олноор цугларах нь сургалтын чанар болон нийгэмших үйл явцад сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. "Хэрэв анги танхимд Итали хэл мэдэхгүй ганцхан хүүхэд байвал тэр хурдан сурна. Гэвч хэл мэдэхгүй хүүхдүүд олноороо ангийн олонх болчихвол энэ нь нийгэмших үйл явц биш болно" гэж ерөнхий сайд Ж.Мелони онцлон тэмдэглэлээ. Албаны тоо баримтаар Италийн сургуулиудад сурч буй нийт сурагчдын 11.6 хувийг гадаад иргэд эзэлж байгаа нь тогтоогджээ.
Шинэ хуулийн төсөлд хүүхэд нь сургалтын систем болон Итали хэлний бэрхшээлээс үүдэн дасан зохицож чадахгүй байгаа тохиолдолд тухайн хүүхдийн эцэг эхчүүдийг Итали хэлний курст заавал суухыг үүрэг болгосон заалтыг давхар тусгажээ.