АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, тариф тогтоох эрх мэдлээ тэлэх хуулийн төслийг баталлаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп олон улсын геополитик, гадаад худалдааны харилцаанд томоохон өөрчлөлт оруулж болзошгүй хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. "Линдси Грэмийн нэрэмжит Орос, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай хууль" нь ОХУ-ын эдийн засгийн гол эх үүсвэрүүдийг боомилоод зогсохгүй, Трампын засаг захиргаанд импортын тарифыг бие даан нэмэгдүүлэх өргөн хүрээтэй эрх мэдлийг олгож байна.

Линдси Грэмийн нэрэмжит Орос, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн дагуу Кремлийн дайны санхүүжилтийг таслахын тулд ОХУ-ын "Сүүдрийн флот" буюу бүртгэлгүй газрын тосны танкеруудыг шууд онилсон байна. Мөн Оросын армид цэргийн зориулалттай дрон, пуужин нийлүүлж буй Ираны батлан хамгаалах, эрчим хүчний салбарыг давхар хавсарган шийтгэхээр тусгажээ.

Уг хуулийн төслийн хамгийн анхаарал татаж байгаа хэсэг нь ОХУ-аас түүхий тос, байгалийн хий худалдан авсаар байгаа гуравдагч улс орнуудад АНУ дангаараа эдийн засгийн шахалт үзүүлэх заалт юм.

Шинэ зохицуулалтаар Оросын эрчим хүчнээс хамаарлаа таслахгүй байгаа томоохон 5 улсын АНУ руу импортолж буй бараа бүтээгдэхүүнд АНУ-ын ерөнхийлөгч конгрессын зөвшөөрөлгүйгээр, бие даан 100 хувь хүртэлх гаалийн татвар ногдуулах эрхтэй болж байна. Тэгвэл одоогийн байдлаар ОХУ-ын түүхий газрын тосыг  Хятад, Энэтхэг, Турк тэргүүтэй улсууд үлэмж хэмжээгээр зах зээлийн жишгээс бага үнээр худалдан авч байгаа юм. 

Уг шийдвэрийг баталсны дараа АНУ-ын сөрөг хүчин ардчилсан намынхан тус улсын ерөнхийлөгч Трампад олон улсын худалдаагаар далайлгаж, бусад улс орнуудыг сүрдүүлэх хяналтгүй эрх мэдэл олгосонд шүүмжлэлтэй хандаж байна. Мөн БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас АНУ-ын хууль тогтоогчдыг олон улсын чөлөөт худалдааны дүрмийг зөрчсөн гэж албан ёсоор буруутгасан бол Энэтхэгийн засгийн газраас уг алхам нь хоёр улсын стратегийн түншлэлд сөрөг үр дагавар авчирч болзошгүйг анхаарууллаа. Энэ долоо хоногт Вашингтон хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй нүүр тулан уулзахаасаа өмнө Доналд Трамп хэлэлцээний ширээний ард давуу тал олж авах, Бээжинд шахалт үзүүлэх асар том худалдааны зэвсгийг гартаа орууллаа гэж шинжээчид хэлж байна.