10 хүн тутмын 5 нь журамласан үгсийг мэдэхгүйгээс үүдэн алдаж  байна

Манай улс 1946 оноос эхлэн кирил үсгийг хэрэглэж, академич Ц.Дамдинсүрэн Монгол үсгийн дүрмийн толийг боловсруулсан байна. Гэсэн ч иргэд нэг үгийг олон янзаар бичих болсон учир “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс 2015 онд Монгол хэлний тухай хуулийг батлуулж, 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг гаргажээ. Тус толь нь Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан Монгол үсгийн дүрэмд үндэслэсэн бөгөөд нэг үгийг олон янзаар бичих асуудлыг цэгцэлж, журамласан байна.   

2018 онд зөв бичих дүрмийн журамласан толь гарсан хэдий ч иргэд зарим үгийн зөв хувилбарыг төдийлөн мэдэхгүй хэвээр байгаа юм. Тухайлбал үгийн үндсэнд өгөх орших болон харьяалахын тийн ялгал залгахдаа “н” үсэг жийрэглэх эсэхэд эргэлзэх, эр үгэнд зөөлөрсөн гийгүүлэгч орсон тохиолдолд хатуу, зөөлний тэмдэг дунд төөрөлдөх, нэрийн болон үйлийн нөхцөлийг андуурч залгах  зэргээр алддаг байна. Иргэдийн зарим нь ийнхүү журамлахыг сайшаахгүй байгаа бол зарим нь судалж, шинжлэн нэг журамд оруулах нь зөв гэсэн байр суурийг илэрхийллээ.

1946 онд Монгол бичгээс кирил үсэгт шилжихдээ зөв бичих дүрмийг боловсруулсан ч журамласан толь гараагүйгээс үгийг олон янзаар бичих асуудал үүсжээ. Тиймээс 2018 онд хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зөв бичих дүрмийн журамласан толь гаргасан тул иргэд эргэлзсэн үедээ тус толийг цахим болон биет байдлаар харж болох байна. Аливаа үгийн бичих зөв хувилбарыг тогтоохдоо үгийн гарал үүсэл болоод уламжлалт хэлбэрийг дагаж мөрдөх нь түгээмэл. Мөн зөв бичих дүрэм анхнаасаа өөрчлөгдөөгүй бөгөөд буруу бичиж хэвшсэн үгсийг нэгдсэн журамд оруулж, цэгцэлсэн гэдгийг мубис-ийн зөвлөх профессор, доктор Ц.Өнөрбаян судлаачийн зүгээс хэллээ.                            

Мөн зөв бичих дүрмийг зөвхөн журамласан төдийгүй иргэдэд ойлгомжтой байдлаар таниулах, цахим болон хэвлэмэл эх сурвалжийг ашиглан зөв бичгийн хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байгааг судлаачид онцолж байна.