Байртай болох хүсэлтэй иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн “Солонго-1, 2” орон сууцны сонгон шалгаруулалтыг ирэх сарын 10-аас цахимаар эхлүүлж, 11 дүгээр сарын 1-ээс оршин суугчдаа хүлээн авахаар төлөвлөжээ. Гэвч тус орон сууцын нэг метр квадрат талбайн үнэ 4 сая 428 мянган төгрөг байгаа нь тухайн байршилд зарагдаж байгаа өөр төрлийн орон сууцны зах зээлийн дундаж үнээс даруй 1 сая гаруй төгрөгөөр өндөр байна. Энэ нь зорилтот бүлгийн иргэдэд санхүүгийн хүндрэл үүсэхээр өндөр өртөгтэй байгааг тэдний төлөөлөл хэлж байна.
5 жилийн турш сар бүр ойролцоогоор 454 мянган төгрөг төлбөл 70-90 сая төгрөг болж байна. Харин зөвхөн урьдчилгаа болох 15 хувь буюу 27 сая 232 мянган төгрөг нь байрны үндсэн төлөлтөөс хасагдаж, үлдсэн 42-62 сая төгрөг нь улсад тушааж байгаа түрээс байна. Харин тус хавийн орон сууцны 1 м² үнэ 3.2 сая төгрөгөөс эхэлж байна. Хэрэв ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй бол, эсвэл нэг жилийн дотор үлдэгдэл 85 хувь буюу 154,316,000 төгрөгийг төлж чадахгүй бол “Тухайн байранд орсон айл өрхийг яах вэ?” гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Харин энэ байрыг сонгохоор сонирхож байсан иргэдийн хувьд мөн адил үнэтэй байна гэсэн байр суурыг илэрхийлж байна.
“Солонго-1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллыг ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол улс, БНСУ-ын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж БНСУ-ын засгийн газрын 266,885 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл юм. Уг байрны 1м.кв-ийн үнэ 4 сая 400 байгаа нь БНСУ-ын засгийн газартай хийсэн гэрээний дагуу тогтоосон учир үнэ буулгах боломжгүй гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Б.Бат-Амгалан мэдээллээ.
Иргэд 42м.кв орон сууцыг 462,000-780,000 төгрөгөөр түрээслэх юм. Байр түрээслэнгээ, урьдчилгааг нь таван жилийн хугацаанд төлбөл орон сууцны зээлд хамрагдах боломжтой. Харин тус орон сууцанд хамрагдах айл өрх дор хаяж 3 сая төгрөгийн орлоготой байж түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдаж байгаа нь иргэдэд санхүүгийн дарамт үүсгэхээс гадна байрны үнэ хэт үнэтэй байна гэх шүүмжлэл нийгэмд өрнөж байна.