Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 14-р хуралдаанаар нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг 8 бүлэг, 538 зорилтын хүрээнд эцэслэн баталлаа. Энэхүү шийдвэрээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсан дэд бүтэц, орон сууц, эрчим хүчний салбарын 16 мега төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлийн 2027 оны төлөвлөгөөнд замын хөдөлгөөний нягтаршил, түгжрэлийг инженерчлэлийн болон менежментийн аргаар бууруулах зорилтыг тавьсан байна. Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлж эхлэхээр тусгаад байна. Энэ хүрээнд шинэ замын сүлжээнүүдийг байгуулах, явган болон дугуйн замыг нэмэгдүүлэхээс гадна нийтийн тээврийн хүртээмж, чанарыг олон улсын жишигт хүргэж шинэчлэх замаар хувийн автомашины хэрэглээг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд томоохон шилжилтүүдийг тусгасан байна. Энэхүү цогц арга хэмжээний үр дүнд хотын агаарын бохирдлыг ирэх онд 10-15 хувиар бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэхүү зорилтын хүрээнд утааг голомтоос нь бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл болох хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянгол болон Чингэлтэй дүүргийн 5000 өрх уламжлалт галлагаанаас татгалзаж, хийн хэрэглээнд бүрэн шилжээд байна. Энэхүү туршилтад тулгуурлан 2027 онд дахин 10-15 мянган айл өрхийг хийн хэрэглээнд нэмж шилжүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын чанарыг сайжруулах энэхүү ажил зөвхөн айл өрхөөр хязгаарлагдахгүй бөгөөд хүүхэд багачуудын сурч хүмүүжих орчныг эрүүлжүүлэхэд чиглэж байна. Энэ онд нийт 8 сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн түлшний системд амжилттай холбосон бол ирэх онд энэ тоог хэд дахин нэмэгдүүлж, 25-30 боловсролын байгууллагыг шилжүүлэхээр төлөвлөлөө. Энэ нь нам даралтын зуухнуудыг халж, сургууль, цэцэрлэгийн орчмын агаарыг цэвэршүүлэхэд чухал түлхэц болох юм. Үүнээс гадна хотын захын алслагдсан бүсүүдийг эко эрчим хүчний эх үүсвэрт холбох ажил зэрэгцэн хэрэгжинэ. Тухайлбал, Баруун болон Зүүн салааны 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ийнхүү хийн түлшний өндөр ашигт үйлийн коэффициент, дулаан барилтын давуу талыг ашиглан гэр хорооллыг үе шаттайгаар шинэчилснээр Улаанбаатар хот утаагүй, ухаалаг хэрэглээтэй, тав тухтай эко хот болох суурь тавигдаж байна.