Япон улсын Аичи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй Азийн наадамд бүс нутгийн орнуудын тамирчид, төлөөлөгчид хүрэлцэн очоод байгаа юм. Тэгвэл уг тэмцээнд оролцож байгаа БНАСАУ-ын багийн хоёр гишүүн эх орондоо буцахаас татгалзаж, япон улсаас улс төрийн орогнол хүссэн байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Орогнол хүсэж буй хоёр төлөөлөгч Өмнөд Солонгосоос илүүтэйгээр Япон улсад үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хойд Солонгосын дэглэмийн зүгээс ар гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлэхээс сэргийлж, нэр усаа болоод тамирчин эсвэл албаны хүн эсэхээ чанд нууцлахыг хүссэн байна.
Умард Солонгосын дэглэм сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд анх удаа өөрийн баг тамирчдыг Япон улс руу илгээсэн түүхэн тохиолдлын үеэр ийнхүү 2 тамирчин орогнол хүсжээ.
Япон улс нь өөрийн үндэсний хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын иргэдэд виз олгодоггүй дүрэмтэй ажээ. Гэвч тус улсын засгийн газар олон улсын спортын наадмыг хүндэтгэн Хойд Солонгосын спортын сайд Ким Ил Гукаар удирдуулсан 180 хүний бүрэлдэхүүнтэй багт онцгой журмаар хил нэвтрэх зөвшөөрөл олгоод байгаа юм.
Одоогоор Япон улсын гадаад хэргийн яамнаас Хойд Солонгосын иргэд орогнол хүссэн талаар мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Олон улсын тэмцээний үеэр тамирчид нь оргох үйлдэл Хойд Солонгосын дэглэмийн хувьд гутамшигтай үйлдэлд тооцогддог тул тус улсын удирдлагууд тамирчдадаа тавих хяналтаа нэн даруй чангаруулж эхэлсэн байна.