АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын индрээс “Иран улсыг устгана” гэж сүрдүүлжээ

Өнгөрсөн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрэв дайныг зогсоох хэлэлцээрт хүрч чадахгүй бол Иран улсыг бүрмөсөн устгаж чадна” гэж сүрдүүлжээ. Гэхдээ тэрээр НҮБ дахь дипломат төлөөлөгчид идэвхтэй ажиллаж байгаа тул удахгүй тохиролцоонд хүрч магадгүй гэсэн санааг энэ үеэр мөн цухуйлгасан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Би маш том шийдвэр гаргах шаардлагатай тулгараад байна. Энэ нь Иран улсад өмнөхөөсөө илүү хүчирхэг улс болон хөгжих, дахин сэргэх боломж олгож, хэлэлцээр хийх үү?, эсвэл Исламын Бүгд Найрамдах улсыг маш хурдан хугацаанд бүрмөсөн устгаж, тэдэнд дахин хүмүүсийг хөнөөх, улс орнуудыг сүйтгэх боломжийг хэзээ ч олгохгүй байх уу? гэдэг сонголтын өмнө ирчхээд байна.” хэмээн мэдэгджээ.

Харин Ираны исламын хувьсгалт Гвардын зүгээс Трампын энэхүү мэдэгдлийг “Суртал ухуулга” хэмээн няцаагаад, Техран “Түрэмгийлэгчдэд илүү хүчтэй, бут ниргэсэн, тааварлашгүй цохилт өгөхөд бэлэн” гэж мэдэгдсэн байна.

АНУ, Израилын армийн хамтарсан цохилтоор эхэлж, өдгөө олон мянган энгийн номхон иргэний аминд хүрээд зогсохгүй газрын тосны үнийг хөөрөгдөж, хөрш орнуудыг ч татан оролцуулаад буй мөргөлдөөнийг зогсоох хэлцлүүд хөшигний ард үргэлжилсээр байна. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын засгийн газрын тусгай элч Стив Виткофф НҮБ-ын чуулганы хажуугаар Техран, Вашингтон хоёр хэлэлцээ хийсэн гэж мэдэгджээ. Жаред Кушнер, Стив Виткофф болон Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи нарын оролцсон уг хэлэлцээ туйлын үр дүнтэй болсон төдийгүй энх тайванд хүрэх итгэл найдвар харагдаж байгааг Доналд Трамп мөн илтгэлдээ дурдсан байна.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейнд оролцож буй Ираны нэрээ нууцалсан нөлөө бүхий албан тушаалтан “Хэрэв АНУ цэргийн шахалтаа сулруулж, Ираны боомтуудын бүслэлтийг цуцалбал бид зуучлагчдаар дамжуулан хүргүүлсэн саналдаа үндэслэн 7 хоногийн дотор Ормузын хоолойг буцаан нээж, хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхэд бэлэн” гэж барууны хэвлэлд ярьжээ.