10-р сараас нийтийн тээврийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын иргэд өглөө бүр ажилдаа явж, орой бүр харих нь тодорхой хэмжээний сорилт болсоор удаж байна. Ялангуяа өглөөний 07:30–09:00 цагт, оройн 17:30–19:30-ийн үеэр гол шугамын зогсоолууд дээр иргэдийн тоо нэмэгдэж байгаа бол автобуснууд хэдийн багтаамж нь хэтэрсэн байдалтай ирдэг байна. Үүнээс үүдэн иргэд дараагийн автобусыг хүлээсээр ажил хичээлээсээ хоцрох асуудал тулгарсаар байгаа тул автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.

Тэгвэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, ачааллыг бууруулах чиглэлээр Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас үе шаттай арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 139 чиглэлд ,176 автобус өдөрт дунджаар 650 мянган иргэнд үйлчилж байгаа юм. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн 43 чиглэлд 90 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд гаргаад байна. Мөн нөөцөд байгаа 1236 автобусыг техникийн бэлэн байдал болон жолоочийн хүрэлцээнд үндэслэн, ирэх сараас эхлэн долоо хоног бүр 40–50 тээврийн хэрэгслийг шаардлагатай чиглэлүүдэд үе шаттайгаар нэмэхээр ажиллаж байна. Мөн ирэх онд багтаан автобусны паркийн ашиглалтыг 100 хувьд хүргэж, зорчигчдын урсгал ихтэй, ачаалал өндөр чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн тоог  нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа мэдээллээ.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн ажил, хичээл эхлэх болон тарах цагаар авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Тэгвэл энэ үед нийтийн тээвэр хүрэлцэхгүй, иргэд автобусандаа багтахгүй, автобус дүүрэн учраас буудлууд дээр зогсохгүй шууд явж байгаад иргэд бухимдалтай байна. Мөн нийслэл хотын хүн амын хэт төвлөрөл, замын түгжрэл болон үе үе үүсдэг шатахууны хомсдол зэрэг шалтгаанууд нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгааг иргэд шүүмжилж байна.

Оргил ачааллын үеэр гол автобусны буудлуудад урт дараалал үүсэж, иргэд автобусанд суухын тулд удаан хүлээх нөхцөл байдал үүсдэг. Хэдийгээр автобусны нөөцийг нэмэгдүүлж байгаа ч замын түгжрэлийг зохицуулах оновчтой бодлого, тусгай замын зохицуулалт дутмаг байгаа нь ачааллыг бууруулахад гол сорилт болж байна.