Манай улсад архины хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн нас барж байна

Манай улсын иргэдийн дундаж наслалт бага байдгийн хамгийн том шалтгаан нь архи, согтууруулах ундааны хэт хэрэглээ ажээ.  Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд архи, согтууруулах ундааг хяналтгүй хэрэглэх хандлага нэмэгдсэн гэдгийг өчигдөр болсон "Сэргэлтийн дуу хоолой” донтолтын эсрэг үндэсний хөдөлгөөнийг зарлах үйл ажиллагааны үеэр   мэргэжилтнүүд мэдээлсэн байна.

Зарим тоон мэдээллийг дэлгэцээр хүргэе.

---ДЭМБ-аас тогтоосноор нэг иргэнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд тухайн улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл орсон гэж үздэг байна. Гэвч энэ дүн манай улсад 4 дахин өндөр буюу насанд хүрсэн 1 иргэнд жилд дунджаар 28 литр архи, согтууруулах ундаа ногддог байна. Мөн насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ.
---Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өвчлөл 1990 оноос хойш тогтмол нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас бардаг байна.
---Мөн архины хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн нас бардаг бөгөөд 2017-2022 оны хооронд архины хордлогоор 1718 хүн нас баржээ.
---3000 гаруй хүүхдийн дунд согтууруулах ундаа, донтолтын талаар судалгаа хийхэд 8-12-р ангийн сурагчдын 40 гаруй хувь нь 14 наснаасаа өмнө согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулсан нь аюулын дохио болсон тоо юм.

 Судалгаагаар эрэгтэйчүүд 10-15 жил, эмэгтэйчүүд 8-10 жил хэрэглэж байж архинд донтох эмгэгтэй болдог байна. Гэвч орчин үед энэ нь нийгмийн байдал, хэрэглээний соёл, архины чанар зэрэг төрөл бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад эрэгтэй хүн таван жил, эмэгтэй хүн гурван жил хэтрүүлэн хэрэглэхэд л архинд донтох эмгэгтэй болдог байна. Архинд донтох эмгэгээр хэн ч өвдөж болно. Өөрөөр хэлбэл, энэ эмгэгээр өвчлөхөд хүний нас хүйс, боловсрол, ажил мэргэжил, нийгмийн гарал шашин шүтлэг алинаас ч хамаарахгүй бөгөөд архийг олон удаа зүй зохисгүй хэтрүүлэн хэрэглэсэн хэн боловч өвчлөх эрсдэлтэй байдаг байна. Архинд донтох эмгэгтэй эрэгтэйчүүд тодорхой хугацаанд эдгэрдэг бол эмэгтэйчүүд уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд эдгэрэх магадлал бага байдаг байна.

Архинд донтох эмгэгтэй хүний гэр бүл, төрөл садны хүмүүсийг давхар хамааралтай хүмүүс гэж үздэг байна. Архидалт бол гэр бүлийн өвчин бөгөөд архины хамааралтай хүнтэй хамт амьдарч байгаа хүмүүсийн сэтгэл зүй эрүүл байдлаа бүрэн хадгалдаггүй байна. Хэрэв та өөрийгөө архинд донтох эмгэгтэй, архины хамааралтай болсон эсэхийг мэдэхийг хүсвэл Сэтгэц сэргээн засах төвд хандахыг зөвлөж байна. Тус төв нь архинд донтох эмгэгийн эмчилгээг хийдэг бөгөөд ямарваа нэгэн төлбөр шаардахгүй.