2023 оноос эхэлж, 2025 оны хавар бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил өнөө ч бүрэн дуусаагүй байна. Хүйтний ам наашилсан энэ үед дуусаагүй авто зам нь түгжрэл үүсэхэд нөлөөлж, иргэд, жолооч нарт ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлж байна. Тэгвэл тус замын бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа шалтгааныг төсөв санхүү болон шугам сүлжээний асуудлаас үүдэлтэй гэж гүйцэтгэгч компаниас тайлбарлаж байна.
Тус замын эхний 2.4 км хэсгийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн оны 6-р сард нээсэн бол үлдсэн 1.5 км хэсгийн хөдөлгөөнийг тухайн оны 10-р сард нээж, зорчих хөдөлгөөнийг эхлүүлсэн . Гэвч авто замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас нэг жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй байна. Тухайлбал, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн гэрлэн дохио хүртэлх 500 метр авто зам болон явган хүний зам бүрэн ашиглалтад ороогүй, тоос шороо манарсан хэвээр байна. Тус хавийн оршин суугчид ойрын хоёр жилийн хугацаанд тоос шороо, дуу чимээний дунд амьдарч байгаа бөгөөд одоогоор ажил хийж байгаа хүн байхгүй. Засаг төр солигдсоноос үүдэж иргэд хохирч байна хэмээн бухимдлаа илэрхийллээ.
Харин авто замын бүтээн байгуулалтын ажлыг “Монгол зам групп” ХХК хийж гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад тэнцжээ. Уг бүтээн байгуулалтын нийт замын төсөвт өртөг 74 тэрбум төгрөг байсан бол 84 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Түүнчлэн “Монгол зам групп” ХХК өөрийн хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг гаргажээ. Уг ажил гацсан шалтгаан нь төсөв, санхүүтэй холбоотойгоос гадна дулааны шугам хоолойн түвшин зөрсөн нь мөн нөлөөлсөн гэдгийг “Монгол зам” ХХК-ийн талбайн ерөнхий инженер Б.Нямдаваа онцоллоо.
Тэгвэл уг замын бүтээн байгуулалтын ажлыг энэ 10-р сард багтаан бүрэн дуусгана гэж тайлбарлалаа. Зам бүрэн дуусаж ашиглалтад орсноор төв замын ачааллыг 30 хүртэл хувиар бууруулах судалгаа гарчээ. Учир нь төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийн гол шалтгаан нь нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байдаг байна. Тиймээс энэхүү замыг нийтийн тээврийн хөдөлгөөнд зориулж, төв замын ачааллыг бууруулах зорилгоор эхлүүлжээ. Гэвч өнөөг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байгаа нь тухайн чиглэлд зорчиж буй иргэд, жолооч нарт хүндрэл учруулсаар байна. Иймд замын бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд нь чанартай дуусгаж, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг иргэд онцолж байна.