БНСУ: Умардын олзны хоёр цэргийг Сөүл рүү шилжүүлсэн тухай нууцыг задруулсан Украины тал уучлалт гуйх ёстой

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газраас Украинд олзлогдсон Умардын хоёр цэргийг Сөүл рүү шилжүүлсэн нууц тохиролцоог задруулсан явдалд Киевийн талаас  албан ёсны тайлбар болон энэ үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардлаа. Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Умардын хоёр цэргийг олзлоход амаргүй байсан талаар дурдаж, тэднийг Өмнөд Солонгос руу шилжүүлсэн гэдгийг дэлхий даяар зарласан юм. 

Харин Зеленськийгийн мэдэгдлийн дараа БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён өөрийн цахим хуудастаа “Украины тал нууц хадгалах гэрээгээ зөрчсөнд маш их харамсаж, урам хугарч байна" хэмээн мэдэгдсэнээр Сөүл, Киевийн маргаан ил болжээ 

Сөүлийн зүгээс уг шилжүүлгийг аюулгүй байдал, дипломат харилцаа болон хүмүүнлэгийн шалтгаанаар бүрэн нууцлах хатуу тохиролцоог Киевтэй хийсэн гэж мэдэгдэж байна. Учир нь олзлогдсон цэргүүдийн Умард Солонгост үлдсэн ар гэрийнхний аюулгүй байдал эрсдэлд орно. Мөн БНСУ-ын зүгээс Умард Солонгостой эргэн яриа хэлэлцээ хийх, харилцаагаа сайжруулахаар хичээж буй улс төрийн эмзэг үед энэ мэдээлэл саад болох нь гарцаагүй юм. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Украины ерөнхийлөгчийн туслах Дмитрий Литвин "Украин бол нээлттэй улс, цэргүүдийг нууцаар хүлээлгэж өгөх нь хачин хэрэг болно. Бид зөвхөн тэднийг БНСУ руу илгээсэн гэдэг баримтыг л мэдээлсэн"  хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр хоёр тал ямар нэгэн нууцын гэрээ байгуулаагүй хэмээн үгүйсгэсэн байна. Харин төд удалгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны дарга Сон Ги Хон "Украин анх дотооддоо асуудал үүсэхээс сэргийлж өөрсдөө нууцлахыг гуйсан тул манай тал зөвшөөрсөн юм. Гэтэл одоо тийм гэрээ байгаагүй мэт худал мэдээлэл хийж байгаа нь хоёр улсын засгийн газар хоорондын итгэлцэлд сөргөөр нөлөөлж байна. Тэд итгэл алдлаа" хэмээн Киевийн талыг буруутгажээ.