Украины дайн эхэлснээс хойш ОХУ, ХБНГУ-ын гадаад хэргийн сайд нар анх удаа биечлэн уулзлаа

Өнгөрсөн бямба гарагт ОХУ болон ХБНГУ-ын гадаад хэргийн сайд нар Украины дайн эхэлснээс хойш анх удаа биечлэн уулзсан ч томоохон өөрчлөлт гарсангүй. Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Сергей Лавров, Йоханн Вадефуль нар хоёр улсын харилцаа, Украины дайны талаар 20 минут хэлэлцжээ. 

Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Германы тал уулзалтыг санаачилсан гэж мэдээллээ. Сергей Лавров Йоханн Вадефуль нарын уулзалт нь Украины дайн эхэлснээс хойших анхны сайд нарын түвшний яриа хэлэлцээ байсан ч бодит дипломат ахиц гараагүй “бэлгэдлийн” шинж чанартай уулзалт болсон гэж шинжээчид дүгнэж байна. 

Германы гадаад хэргийн сайд Вадефуль Орос улсыг “Зөрчилдөөнийг хурцатгах аюултай зам”-аас татгалзахыг анхаарууллаа. Мөн уг уулзалт өнгөрсөн 8-р сард Лейпцигийн нисэх буудал дээр дрон ашиглан ачааны онгоцнуудыг дэлбэлэх гэж оролдсон хэргийн дараа болсон нь олны анхаарлыг татлаа. Нью-Йорк хотноо болсон хэлэлцээний үеэр Йоханн Вадефуль Украиныг бүрэн дэмжиж байгаагаа дахин нотлохын зэрэгцээ Европын холбооны Москваг онилсон эдийн засгийн дарамт шахалт үргэлжлэх боловч талуудыг гал зогсоох, хэлэлцээ хийхийг уриалсан байна. Мөн хар тэнгисээр дамжуулан Украины үр тариаг тээвэрлэх, экспортлох ажлыг сэргээхийг шаарджээ.

Харин уулзалтын дараа Сергей Лавров “Чи юутай ирсэн бэ?” гэж Германы сайдаас асуухад тэр бичиг тэмдэглэлээ гаргаад, “Эх орондоо өдөр бүр олон нийтэд хэлдэг зүйлээ яг хуулбарлаад уншиж өглөө. Шинэ юм огт байсангүй. Үнэнийг хэлэхэд, би түүнд “Над руу зүгээр л утасдаад, мэдэгдлээ уншчих” гэж хэлж болох байсан. Шинэ зүйл огт сонссонгүй” хэмээн мэдэгдлээ. Энэ уулзалт Европын бусад улс орнуудад “Герман Оростой шууд ярьж байна” гэсэн дохио өгсөн ч Украины дайны явцад ямар нэгэн өөрчлөлт авчирсангүй. Хар тэнгисийн үр тарианы асуудал ч шийдэгдээгүй гэж мэдээлж байна.