Энэ сарын 26-ны Бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдлаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд томоохон шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал, 1.6 сая хүн амтай нийслэл хотын 9 мянга орчим хүн оролцох уг тэмцээнийг зохион байгуулахын тулд хотын төв замыг бүтэн хэсэгчлэн хэдэн цагаар хааснаар бусад замын ачааллыг нэмэгдүүлж, 3-4 цаг түгжрэх шалтгаан болсон байна. Үүнээс гадна уг арга хэмжээний талаар урьдчилан мэдээлэл, сурталчилгаа хангалттай хийгээгүйгээс үүдэн хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, иргэдийн нэг өдрийн ажил, үйл ажиллагаа доголдсонд иргэд бухимдалтай байна.
Спортын идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, иргэдийг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэхэд уриалах зэрэг ач холбогдолтой ийм арга хэмжээ олон улсын хотуудад түгээмэл зохион байгуулагддаг. Гэвч Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, шатахууны хомсдол зэрэг өдөр тутмын хүндрэлүүд иргэдэд тулгарсаар байгаа энэ үед хотын төвийн томоохон замуудыг хэдэн цагаар хаасан нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байна. Тэр дундаа шатахуун түгээх станцуудад автомашины урт дараалал үүсэж, улмаар замын нэгдүгээр эгнээг эзэлж байгаа нөхцөлд нэмэлтээр төв замыг хаасан нь замын ачааллыг улам нэмэгдүүлсэн хэмээн иргэд үзэж байна. Түүнчлэн шөнийн марафон зохион байгуулахтай холбоотой замын хаалт, хөдөлгөөний зохицуулалт болон маршрутын талаарх мэдээлэл иргэдэд хангалттай, ойлгомжтой хүрээгүй гэх шүүмжлэл гарч байна. Үүний улмаас тухайн өдөр ажил төлөвлөсөн иргэд гэнэтийн өөрчлөлттэй тулгарч, ажил, үйлчилгээ болон хувийн бизнест хүндрэл учирчээ. Иргэдийн зүгээс спортын арга хэмжээг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа гэхээсээ илүүтэйгээр нийслэлийн замын хөдөлгөөнд хэрхэн бага хүндрэл учруулах, мөн арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд хэдий хэрийн өмнө, ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэгт анхаарах шаардлагатайг онцолж байна.
Харин нийслэлийн зүгээс шөнийн марафонд нийслэлийн төсвөөс санхүүжилт гаргаагүй талаар мэдээлэл өглөө. Шөнийн марафоныг хувийн хэвшлийн байгууллага зохион байгуулсан бөгөөд нийслэлийн төсвөөс тус арга хэмжээнд санхүүжилт олгоогүй байна. Бүртгэлийн хураамж, орлого, зарлагыг зохион байгуулагч тал бүрэн хариуцжээ. Мөн нийслэлийн зүгээс намрын “Автомашингүй өдөр”-тэй хамтатган зохион байгуулах хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилласан байна. Гэсэн хэдий ч арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хязгаарласнаас иргэдэд хүндрэл, чирэгдэл учирсан гэдгийг нийслэлийн зүгээс хүлээн зөвшөөрч, цаашид иргэдийн зорчих хөдөлгөөнд нөлөөлөхүйц арга хэмжээг урьдчилан сайтар төлөвлөж, олон нийтэд цаг тухайд нь мэдээлж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Асуудлын гол нь марафон зохион байгуулах эсэхдээ бус, ийм арга хэмжээг хотын өдөр тутмын амьдралд аль болох бага хүндрэл учруулахаар хэрхэн зохион байгуулах вэ гэдэгт байна. Зам хаах хугацааг багасгах, маршрутыг түгжрэл багатай бүсээр сонгох, иргэдэд мэдээллийг урьдчилан хүргэх, нийтийн тээврийн зохицуулалтыг сайжруулах зэрэг асуудлыг цаашид анхаарах шаардлагатай байгааг иргэд онцолж байна.