Улсын хэмжээнд шатахууны 11 хоногийн нөөц байна

Иргэд шатахуун авахын тулд ШТС-уудын гадна урт дараалал үүсгэн, олон цаг дугаарлах нөхцөл байдал нийслэлд үргэлжилсээр байна. Гэвч улсын шатахууны нийлүүлэлтийн тасалдлаас үүдэн зарим ШТС-д шатахуун хязгаартай олгож байгаа бол заримд нь тодорхой хугацаанд түгээлт хийхгүй байх тохиолдол гарчээ. Албаныхны тайлбарлаж байгаагаар шатахууны нөөц 20 орчим хоногийн хэрэглээнд хүрвэл ШТС-уудын нийлүүлэлт жигдэрч, хэвийн олгогдох юм. Харин одоогийн байдлаар нөөц бага байгаа тул ойрын өдрүүдэд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ онцоллоо. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр АИ-92 шатахуун бүрэн тасраагүй бөгөөд нийслэл болон орон нутагт өдөр бүр түгээж байна. Одоогоор улсын хэмжээнд 11 хоногийн нөөц байгаа ч энэ нь улсын шатахууны хэрэглээтэй харьцуулахад бага хэмжээнд байгаа нь нийлүүлэлт жигд бус болох, улмаар дугаарлалт үүсэхэд хүргэжээ. Өнгөрсөн 24 цагт нийслэлийн 95 ШТС-д 1 мянга 100 гаруй тонн, орон нутгийн 42 ШТС-д 500 гаруй тонн шатахуун нийлүүлсэн байна.

Мөн манай улс зөвхөн ОХУ гэлтгүй нэмэлтээр БНХАУ, БНСУ-аас шатахуун татан авч эхэлсэн бөгөөд БНХАУ-аас авах 8 мянган тонн бензиний эхний хэсэг орж ирж, түгээлтэд гарсан бол БНСУ-аас нийлүүлэх шатахуун мөн бэлэн болсон байна.