Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарын шийдвэрээр 2025 онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, явган хүний замыг чөлөөлөх зорилгоор 1400 гаруй ТҮЦ-ийг албадан нүүлгэсэн. Гэвч 2026 онд засгийн газраас хэрэгжүүлсэн "Чөлөөлье" аяны хүрээнд мухлаг, жижиг дэлгүүрийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан нь эрх зүйн шинэ нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Энэхүү чөлөөлөлтийн нөлөөгөөр Улаанбаатар хотын төв замууд, явган хүний зам талбай дээр ТҮЦ-үүд олноор дахин байршиж эхэлжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Гэвч ерөнхий сайд Н.Учралын засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 146 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн. Үүнд хүнсний зах, худалдааны төв, ресторан, үсчин, зочид буудал, нийтийн халуун ус зэрэг багтсан бөгөөд "ТҮЦ"-ийн талаар дурдагдаагүй байна. Гэтэл мухлаг гэх жижиг дэлгүүр, лангуу, павильоныг нийтэд нь хамруулсан ерөнхий нэршилтэй бизнесийг чөлөөлснөөр ТҮЦ эргэн ирлээ.
Харин албаны хүний мэдээлснээр 2025 оны хоёрдугаар сарын 26-нд шинэчлэн баталсан худалдаа, үйлчилгээ эрхлэх журмын дагуу Улаанбаатар хотод эрхлэх худалдааны төрөлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулахаар тусгасан байна. Харин түргэн үйлчилгээний цэгийг хэдэн байршилд, ямар тоо хэмжээгээр ажиллуулах талаар журамд нарийвчлан заагаагүй бөгөөд дүүргүүд тухайн нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохируулан байршлыг тогтоон худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа гэлээ. Мөн “Чөлөөлье” аяны хүрээнд иргэн хүсэлт гарган, холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжтой болно гэдгийг онцоллоо. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт 136 байршилд ТҮЦ ажиллуулах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, тухайн байршлуудад үйл ажиллагаа эрхлэх цахим шийдвэр гарсан байна. Харин бусад дүүргүүдэд ТҮЦ ажиллуулах байршил, тоо хэмжээ харилцан адилгүй бөгөөд зарим дүүрэгт ТҮЦ ажиллуулахгүй байхаар зохицуулж байгааг хэлж байна.
Тэгвэл ТҮЦ-ийг буцаан байрлуулах асуудалд иргэдийн байр суурь харилцан адилгүй байна. Зарим иргэн нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ олноор байрласнаар явган хүний зам нарийсах, хог хаягдал нэмэгдэх, гадна өнгө үзэмж болон ахуйн стандарт алдагдах эрсдэлтэй гэлээ. Харин зарим иргэдийн хувьд ТҮЦ нь өдөр тутамд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг гэр, ажлынхаа ойролцоо түргэн шуурхай авах боломжтой худалдааны цэг болдог. Тиймээс хотын төвийн явган зам, авто замын хөдөлгөөнд саад болохгүйгээр тодорхой байршилд, нэгдсэн стандартын дагуу ажиллуулах нь зүйтэй гэдгийг хэлж байна.
Ийнхүү ТҮЦ-ийг дахин ажиллуулах эрх зүйн боломж нээгдсэн ч хаана, хэдийг, ямар шаардлагаар байрлуулах нь дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Жишээ нь нэг дүүрэгт 136 байршилд шийдвэр гарсан байхад зарим дүүрэгт ТҮЦ ажиллуулахгүй байхаар зохицуулж байгаа нь нийслэлийн хэмжээнд нэгдсэн бодлого, шалгуур шаардлагатайг харуулж байна. Тиймээс худалдаа эрхлэгчдийн орлогын эх үүсвэрийг хадгалах, иргэдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ явган хүний зорчих хэсэг, нийтийн эзэмшлийн талбай болон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй байх зохицуулалтыг нэг мөр болгох шаардлагатай байгаа юм.