Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон зээл, дэмжлэгийн зарцуулалтыг хэлэлцэхээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсгол 2 дахь өдрөө ирц хүрээгүйн улмаас үргэлжилж чадсангүй. Сонсголоор сүүлийн 18 жилд хөдөө аж ахуйн салбарт олгосон 4.4 их наяд төгрөгийн зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, үр дүнг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ийнхүү цуцлагдаад байна. Харин УИХ-ын гишүүд сонсгол үргэлжилж чадаагүйтэй холбоотойгоор зээл, дэмжлэгийн зарцуулалтыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахаар болсноо мэдэгдлээ.
Тодруулбал УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилд зарцуулсан татвар төлөгчдийн мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдсаныг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Гэвч тус сонсгол 2 дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирц хүрээгүйн улмаас цуцлагджээ.
Сонсголыг даргалж байгаа УИХ-ын гишүүд дээрх асуудлуудыг зарим улс төрчид хэлэлцүүлэхээс зайлсхийж байгаа үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэдний мэдээлснээр хөдөө аж ахуйн салбарт олгосон олон их наяд төгрөгийн зээл, дэмжлэг нь зарим улс төрчдийн далдалсан санхүүжилтийн зарцуулалттай холбоотой ноцтой зөрчил гэж хэлж байна. Ингэхдээ сүүлийн 18 жилд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон зээлийн нийт дүн 4.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний дотор нэг ААН олон удаа зээл авсан, нэг ижил регистрийн дугаартай аж ахуйн нэгжүүд өөр нэршлээр зээл авсан, зээлийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчил илэрчээ. Тухайлбал 1 аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 45 тэрбум төгрөгийн зээлийг 6 удаа, өөр нэг аж ахуйн нэгж “Цагаан алт” хөтөлбөрөөс 67.1 тэрбум төгрөгийн зээлийг 7 удаа авсан байна. Мөн ноолуур бэлтгэлийн төслөөс 79.5 тэрбум төгрөгийн зээлийг 6 удаа, өөр нэг хөтөлбөрөөс 182 тэрбум төгрөгийн зээлийг 19 удаа олгосон тохиолдол ч гарсан байна.
Сонсголын хүрээнд ХАА-н салбарын санхүүжилтийн талаарх мэдээлэл авахаар харьяа байгууллагад хүсэлт гаргахад шаардлагатай материалын 63 хувь нь ирээгүй, үүний дотор компаниудын гэрээ, сайдын тушаал зэрэг баримт бичиг байгаагүй байна. Иймд тус салбарын зээл, дэмжлэгийн зарцуулалтыг илүү нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж хянан шалгах түр хороо байгуулахаар болсноо мэдэгдлээ. Учир нь “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт”, ноолуур бэлтгэл зэрэг хөтөлбөрт нийт 2.6 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэтэл энэ санхүүжилтийн үр дүн, зээлийн эргэн төлөлт, зарцуулалтын зориулалтыг бүрэн тодорхой болгох шаардлага байгааг гишүүд онцолж байна.
Мөн 2027 оны улсын төсөвт хөдөө аж ахуйн салбарт дахин 281 тэрбум төгрөгийн дэмжлэг, хүнсний ногооны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг тусгахаар тусгасан. Тиймээс өмнөх онуудад олгосон олон их наяд төгрөгийн зээл, дэмжлэг ямар үр дүнтэй байсныг тодорхой болгож, дараагийн санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай гэж УИХ-ын зарим гишүүд үзжээ.