Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1 хоногийн хугацаанд 300 гаруй угаарын хийн дуудлага иржээ

Халаалтын улирал эхэлж айл өрх, аж ахуйн нэгжүүд шахмал түлшээр галлаж байна. Тэгвэл зөвхөн сүүлийн нэг өдрийн хугацаанд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд угаарын хий мэдэрсэн 300 гаруй дуудлага иржээ. Анхны цас орж, айл өрхүүд галлаж эхэлсэн энэ үед угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө асааж, зуух, яндангийнхаа хэвийн ажиллагааг сайтар шалган, угаарын хийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Нийслэлийн хэмжээнд 2025 оноос эхлэн шинээр ухаалаг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Энэ сарын 29-ний байдлаар 176 мянган айл өрхөд суурилуулж, бүрэн дууссан байна. Хүйтний эрч чангарч, цас орж эхэлснээр айл өрхүүд галлаж байгаа энэ үед түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1 хоногийн хугацаанд 300 гаруй дуудлага ирж, 604 хүнийг угаарын хийд өртөхөөс урьдчилан сэргийлжээ. 

Сүүлийн жилүүдэд угаарын хийн хордлогод өртөж, амиа алдсан хүний тоо 2023 онд 3184 хүн угаартаж, 63 хүн амиа алдаж байсан бол 2024 онд 2830 хүн хордлогод өртөж, 53 хүн нас барсан байна. Харин 2025 онд 2267 хүн хордлогод өртөж, 30 хүн нас барж байжээ. Угаарын хийн хордлого дулааны улирлаас хүйтний улиралд шилжих үед, ялангуяа намар, өвлийн улиралд хамгийн их бүртгэгддэг байна. Иймд айл өрх бүр угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө тогтмол асааж хэвшихийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн угаарын хий мэдэрсэн айл өрхүүд утсаа авахгүй тохиолдолд гэрээт хяналтын ажилчдыг тухайн айл өрх рүү явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн хэмжээнд 500 гэрээт хяналтын ажилтан ажиллаж байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 134 мянга 220 угаарын хий мэдэрсэн дуудлага ирж, 9 мянга 300 удаа гэрээт хяналтын ажилтнууд айл өрхүүдэд очиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Мөн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийн зуух, пийшин болон янданг хөөлж байна. Тухайлбал өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг айл өрхүүдийн зуух, янданг дуудлагаар очиж хөөлөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар 2 мянга гаруй айл өрхөд очиж, засвар үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд хүйтний улирал эхэлж, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгаж, зуух, пийшин болон яндангийнхаа бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг сайтар шалгах шаардлагатай байна. Мөн угаарын хий мэдэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөжээ. Иргэн бүр галлагааны аюулгүй байдлаа хангаж, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг болзошгүй угаарын хийн эрсдэлээс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.