Өвлийн дугуйны үнэ размераасаа шалтгаалан 100-500 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэл хотод намрын анхны цас орж, замын гадаргууд огцом халтиргаа гулгаа үүссэний улмаас зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учраад байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр цас орж эхэлсэн богино хугацаанд буюу ердөө хэдхэн цагийн дотор 200 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүний голлох шалтгаан нь жолооч нар зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиогүйгээс болсон гэж тайлбарлаж байна. Нойтон цас орсны дараа агаарын хэм огцом буурч, замын зорчих хэсэгт далд мөстөлт үүссэн нь тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөх, замаас гарах, шүргэлцэх гол нөхцөлийг бүрдүүлжээ.

Анхны цас орох үед автын ослын дуудлага ердийн өдрүүдийнхээс хэд дахин өсдөг бөгөөд жолооч нарын дунд дөрвөн улирлын гэх тодотголтой дугуйтай учраас халтирахгүй хэмээх өрөөсгөл ойлголт түгээмэл байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг тээврийн цагдаагийн албанаас онцоллоо. Халтиргаатай замын нөхцөлд зуны дугуй хөлдөж, засмал замтай барьцалдах чадвараа бүрэн алддаг тул тоормос гишгэсэн ч автомашин гулсан явсаар урд байгаа саадыг мөргөх эсвэл явган зорчигчийг гэмтээх аюултай байдаг байна. Мөн зөвхөн хотын доторх замуудаас гадна орон нутгийн чиглэлийн өндөр даваануудад цасны зузаан нэмэгдэж, тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болох эрсдэл үүсжээ.

Замд үүссэн халтиргаанаас үүдэн автомашины техникийн захууд болон дугуйн дэлгүүрүүдийг зорих жолооч нарын хөдөлгөөн идэвхжсэн байна. Зах худалдааны төвүүдэд өвлийн дугуйны үнэ размераасаа шалтгаалан ширхгийн үнэ 100-500 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд дугуйны үнэ өнгөрсөн жилээс 40-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгааг иргэдийн зүгээс хэлж байна. Хэдийгээр ийнхүү үнэ нэмэгдсэн байгаа ч өвлийн бэлтгэлээ хойшлуулахгүй, чанартай, зориулалтын дугуй сонгохыг зорьдог гэдгээ хэлж байна. 

Мөн дөрвөн улирлын дугуй нь өвлийн дугуйтай адил хэмжээнд цас, мөсөн дээр барьцалдах чадваргүй. Тиймээс дугуй худалдан авахдаа зөвхөн үнийг нь бус, зориулалт, хээ, үйлдвэрлэсэн он болон дугуйн дээрх тэмдэглэгээг сайтар шалгах хэрэгтэй юм.  Өвлийн улиралд жолооч нар зөвхөн дугуйгаа солихоос гадна дугуйн хийн даралт, хээний элэгдэл, торомзны систем, гэрэл дохио, шил арчигч болон хөдөлгүүрийн шингэнүүдийг шалгах нь чухал байдаг байна. Эдгээрийг шалгалгүйгээр өвөл замын хөдөлгөөнд оролцох нь осол гарах эрсдэлийг нэмэгдүүлэх нэг шалтгаануудын нэг  болдог гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Тиймээс жолооч нар улиралд тохирсон дугуй сонгож, машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна замын нөхцөлд тохируулан хурд болон эгнээ зайгаа сонгож хөдөлгөөнд оролцох шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.