АНУ, Иран хоёр зуучлагчдаар дамжуулан гал зогсоох шинэ төлөвлөгөөг хэлэлцэж байна

Ойрх дорнодын бүс нутагт долоон сар гаруй хугацаанд үргэлжилж буй мөргөлдөөнийг эцэслэх хүчин чармайлтын хүрээнд АНУ болон Ираны дипломат төлөөлөгчид зуучлагч талуудтай тус тусдаа уулзаж, санал солилцсон байна. НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр Ираны талаас дэвшүүлсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулсан хувилбарыг голчлон хэлэлцэж байна гэж өрнөдийн хэвлэлээр мэдээллээ. 

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Нью-Йорк хотноо үлдэж, Катарын зуучлагчдаар дамжуулан АНУ-ын албан ёсны хариуг хүлээж байна. Техраны зүгээс Иран болон Ливан дахь цэргийн ажиллагааг бүр мөсөн зогсоох, боомтуудын бүслэлт болон газрын тосны экспортын хоригийг цуцлах, мөн битүүмжлэгдсэн хөрөнгийг нь чөлөөлөх гэсэн үндсэн шаардлагуудыг тавьжээ. Эдгээр нөхцөл биелсэн тохиолдолд Иран улс стратегийн өндөр ач холбогдолтой, дэлхийн газрын тосны салбарын амин сүнс Ормузын хоолойг эргүүлэн нээж, цөмийн хөтөлбөрийн асуудлаар дахин хэлэлцээ хийхэд бэлэн байгаа аж.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт Техран, Вашингтон хоёр зуучлагчдаар дамжуулан санал солилцсоныг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Үүнээс өмнө тэрбээр Ираны тавьсан саналыг эдийн засгийн хүнд дарамтаас болж яарсан алхам хэмээн няцааж байсан ч, АНУ-ын хэлэлцээчид энэ долоо хоногт үргэлжлүүлэн уулзалт товлоно гэдэг найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн 2-р сарын сүүлээр АНУ, Израилын арми Иранд цохилт өгснөөр эхэлсэн бөгөөд 4 болон 6-р сард байгуулсан гал зогсоох түр хэлэлцээрүүд хүчин төгөлдөр хэрэгжиж чадалгүй нурж байсан юм. Одоогоор Катарын зуучлагчид талуудын дунд мэдээлэл дамжуулах ажлыг идэвхтэй гүйцэтгэж байна.

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи "Бид дипломат харилцаа эсвэл хэлэлцээрийн үүдийг хэзээ ч хаагаагүй. АНУ болон Израилын зүгээс үүсгэсэн энэхүү мухардлаас гарах цорын ганц зам бол зөвхөн хэлэлцээр юм. Трамп өмнө нь ч зөрүүтэй, хоорондоо зөрчилдсөн мэдэгдлүүд хийж байсан. Бид зуучлагчдаар дамжуулан АНУ-ын засаг захиргааны албан ёсны бөгөөд эцсийн хариуг хүлээж байна" гэж мэдэгджээ.