ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2026 онд армийнхаа орон тоог дөрөв дэх удаагаа нэмэгдүүлэх зарлиг гаргалаа

Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн зэвсэгт хүчний орон тоог 15,500 цэргийн албан хаагчаар нэмэгдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-ын засаг захиргаа 2026 он гарсаар дөрөв дэх удаагаа армийнхаа бие бүрэлдэхүүнийг өргөтгөж байна. 

ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас 700 тоот зарлиг нь гарын үсэг зурсан өдрөөсөө буюу энэ сарын 28-аас шууд хэрэгжиж эхэлсэн гэж мэдээллээ. Мөн шинэчилсэн тушаалаар орос зэвсэгт хүчний нийт орон тооны дээд хязгаарыг 2,441,630 болгон тогтоосон байна. Үүнээс яг хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын тоо нь нэг сая таван зуун тавин мянга таван зууд хүрч байгаа аж. 

Уг шийдвэр нь оросын засаг захиргаанаас зөвхөн 2026 он гарснаар баталж буй дөрөв дэх удаагийн өргөтгөл юм. Түүнээс өмнө өнгөрөгч 3, 6, болон 7-р саруудад армийн бүтцийг тэлэх шийдвэрүүд ар араасаа гарч байсан бөгөөд хагас жилийн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо нийтдээ 50 орчим мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Шинэ зарлигт тусгаснаар ОХУ-ын засгийн газарт армийн энэхүү шинэ бүтцийг хангахад шаардлагатай нэмэлт төсөв, санхүүжилтийг батлан хамгаалах яаманд бүрэн хуваарилахыг даалгасан байна.

Кремлийн зүгээс цэргийн тоог нэмэх болсон шалтгаанаа тайлбарлаагүй ч, олон улсын ажиглагчид үүнийг дөрвөн жил долоон сар гаруй хугацаанд үргэлжилж буй Украины дайн болон фронтын шугам дахь хүн хүчний хохиролтой холбон тайлбарлаж байна. Фронтын давшилт саарч, нисгэгчгүй төхөөрөмж буюу дроны тулаан эрчимжсэн энэ үед оросын тал масс дайчилгаа зарлахын оронд гэрээт цэргүүдээр армиа шат дараатай зузаатгах тактикийг сонгоод байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын 2027 оны төсвийн төслийн баримт бичиг олон нийтэд ил болсон бөгөөд Москва ирэх 2027 онд цэргийн зардлаа даруй 27 хувиар нэмэгдүүлж, 17.1 их наяд рубль буюу 203 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ нь Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр батлан хамгаалахын төсөв болж байгаа бөгөөд орос улс эдийн засгаа бүхэлд нь дайны цагийн горимд шилжүүлж байгаагийн илрэл гэж барууны хэвлэлүүд онцолжээ.