Өнөөдөр буюу лхагва гарагт АНУ Ирак улс дахь цэргийн баазуудаа хааж, тэнд үлдсэн байсан цэргийн хүчээ бүрмөсөн татан авлаа. 20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн цуст мөргөлдөөний улмаас АНУ-ын 4500 гаруй цэргийн алба хаагч амиа алдсан юм.
Дональд Трампын засаг захиргаа Ирак улсаас цэргийн хүчээ яаралтай гаргах болсон гол шалтгаан нь, АНУ-ын татвар төлөгчдийн олон тэрбум долларыг үрсэн "Төгсгөлгүй дайныг" зогсоож, цэргийн хүчээ Номхон далай болон Хятадын эсрэг чиглүүлэх Вашингтоны стратегийн шилжилттэй холбоотой юм.
Түүнчлэн, Иракийн парламент болон ард иргэд “АНУ-ын цэргийн байршил тус улсын тусгаар тогтнолд халдаж байна” хэмээн олон жилийн турш хүчтэй шахалт үзүүлж, гэрээний хугацааг дуусгавар болгохыг шаардсан тул цэргийн хүчээ гаргахаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Гэвч Ойрх дорнодод мөргөлдөөн дэгдсэн эгзэгтэй үед АНУ-ын цэрэг Иракийг орхин гарснаар бүс нутагт геополитикийн асар том хоосон орон зай үлдэж байна. АНУ-ын цэргийн алба хаагчид Иракийг орхин гарсны дараа Ираны холбоотнууд болон хувьсгалт гвардын дэмжлэгтэй Шийт зэвсэгт бүлэглэлүүд бүс нутагт хүчээ авч, Иракийн улс төр, цэргийн системд хяналтаа үнэмлэхүй тогтоох түүхэн боломж бүрдэж байна.
2003 онд АНУ болон барууны холбоотон орнуудын зэвсэгт хүчин Ирак улс руу цэргийн цохилт өгч, хуурай замаар довтолсноор албан ёсоор дайн эхэлж байсан юм. АНУ-ын засаг захиргаа Иракийн дарангуйлагч Саддам Хусейныг дэлхий нийтэд аюул учруулах хэмжээний "Үй олноор хөнөөх цөмийн болон химийн зэвсэг" нууцаар бэлдэж, хадгалж байна гэж буруутгасан юм. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа цагаан ордон Иракийн дэглэмийг "Аль-Каида" зэрэг олон улсын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлж байна гэж үзсэнтэй холбоотой юм.