ОХУ-ын түүхий газрын тосны экспорт сүүлийн нэг сар гаруйн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтдээ хүрч өсжээ. Мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ чангарсантай зэрэгцэн, Оросын нефтийн орлого ч эрс нэмэгдсэн буюу 2022 онд дайн эхэлснээс хойших дээд үзүүлэлтдээ дөхөж очсоныг Блүүмберг агентлаг мэдээлжээ.
Энэ сарын 1-ээс 27-ныг хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд Оросын түүхий тосны тээвэрлэлт өдөрт дунджаар 3.71 сая баррельд хүрсэн нь өнгөрсөн 8-р сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн 9-р сарын сүүлийн долоо хоногт ОХУ-ын түүхий тосны экспорт өдөртөө 4 сая баррельд хүрснийг Блүүмберг агентлагаас мэдээллээ.
Уг экспортын өсөлт нь Кремлийн өсөн нэмэгдэж буй цэргийн зардлыг санхүүжүүлэхэд том дэмжлэг болох ч алсуураа маш том зардал дагуулж байна. Учир нь Украины дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан тул экспортлох түүхий тосны хэмжээг хүчээр нэмэгдүүлсэн ч нөгөө талдаа дизель болон бензиний тээвэрлэлтэд тавьсан хязгаарлалт нь илүү өндөр ашиг өгөх бэлэн бүтээгдэхүүний борлуулалтыг нь таслаад байгаа юм.
Блүүмбергийн эдийн засагчид энэ сарын 1-ээс 27-ны өдрийг хүртэлх 4 долоо хоногийн хугацаанд Оросын боомтуудаас тээвэрлэсэн түүхий тосны нийт үнэлгээ 2.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоос даруй 180 сая ам.доллароор өссөн үзүүлэлт боллоо. Гэхдээ эдгээр тоо баримтууд нь зөвхөн тээвэрлэсэн түүхий тосны үнэлгээ бөгөөд Оросын засгийн газрын газрын тосны татвараас олж буй цэвэр орлого биш гэдгийг эдийн засагчид хэлжээ. Ираны дайны улмаас Brent маркийн газрын тосны баррель тутмын үнэ 100 ам.доллароос давж, Оросын тосны эрэлтийг улам нэмэгдүүлээд байгаа юм. Нөгөөтээгүүр Украины дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг доголдуулж, дотоодод нь хомсдол үүсгэсэн тул Москва боловсруулсан түлшний экспортоос олох ашгаа алдсаар байна. Блүүмберг агентлаг Украины агаарын цохилтоос өмнө Оросын дизель түлшний экспорт өдөрт нэг сая баррель байжээ. Европын болон Азийн зах зээлд дизелийн үнэ баррель нь хоёр зуун ам.доллароос давсан ч, Оросын дизель түлшний экспортын хориг ирэх 11-р сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.