Манай улсад хамгийн сүүлд 2023-2024 оны өвөл мөсөн зуд тохиож, 9.3 сая толгой мал хорогдож байсан. Тэгвэл энэ жилийн 10-12-р сард мөн мөсөн зудын эрсдэл үүсэж магадгүй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Энэ 10-р сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа ч зарим нутгаар хур тунадас ахиу орж, агаарын температур огцом бууран, мөсөн зудын эрсдэл үүсэж болзошгүй байгаа юм байна. Тиймээс малчид, иргэдийг өвлийн бэлтгэл ажлаа эрт хангаж, малын өвс тэжээлийг их хэмжээгээр нөөцлөхийг холбогдох албаныхан зөвлөж байна.
Тухайлбал манай улсад , 1999-2002 онд ган, зуд дараалан тохиож 10 гаруй сая толгой мал үрэгдсэн бол 2009-2010 онд мөн 10 гаруй сая толгой мал хорогдож байжээ. Харин хамгийн сүүлийн зуд 2023-2024 оны үеэр 9.3 сая толгой мал хорогдсон мэдээлэл байгаа юм. Тухайн зудын үед температур богино хугацаанд огцом дулаарч, эрс хүйтэрснээр цас хайлж, дахин хөлдөх нөхцөл үүссэн нь мөсөн зуд бий болох нэг шалтгаан болжээ. Тиймээс энэ жилийн температурын хэлбэлзэл, цас, тунадасны төлөвийг харгалзан малчид өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангаж, малынхаа тарга хүчийг харгалзан отор нүүдлээ төлөвлөх, өвс тэжээлээ урьдчилан базаах шаардлагатай бөгөөд хорогдох эрсдэлтэй малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Харин энэ жилийн өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өссөн учраас төлөвлөсөн зардлаасаа давж өвс тэжээлээ хангасан тухайгаа малчид хэлж байна. Түүнчлэн зудын эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа учраас өвс, бэлчээр сайтай бүс нутгийг чиглэн отор нүүдэл хийхээр төлөвлөсөн байна. Зарим малчдын хувьд хотын зах зээл, үнийн тогтвортой байдлыг харгалзан нийслэлтэй ойр аймгуудыг сонгож, 1500 орчим километрийн зайнаас малаа нүүлгэн иржээ. Гэвч шатахууны үнэ болон бусад өртөг нэмэгдсэнээс шалтгаалж, хол нүүх болон орон нутагтаа өвөлжих хоёрын зардлын зөрүү төдийлөн гарахгүй байгааг тэд онцоллоо. Мөн цаг агаарын нөхцөл байдалд бэлтгэлтэй байх нь малчны өөрийн хариуцлага тул төрөөс тусламж хүлээлгүйгээр, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс бие даан хангах шаардлагатайг хэлж байна.
Өвөлжилтийн хүндрэл, малын хорогдлыг бууруулахын тулд зудын дараа бус, эрсдэлийг урьдчилан тооцож бэлтгэл хангах шаардлагатай байна. Ялангуяа бэлчээрийн даац хэтэрсэн бүс нутгийн малчдыг өвс, тэжээлээр хангах, отор нүүдэл хийх нөхцөлийг бүрдүүлэх, тэжээлийн үнийг тогтвортой барих зохицуулалт үгүйлэгдсээр байна. Мөн хорогдох эрсдэлтэй малаа эдийн засгийн эргэлтэд оруулах малчдад зах зээл, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, өвс тэжээлийг орон нутагт нь ойр, боломжийн үнээр хүргэх нь чухал юм. Ингэснээр малчид өндөр зардлаар холоос тэжээл тээвэрлэх ачаалал багасаж, зудын үеийн малын хохирлыг бууруулах боломж бүрдэнэ.