Бензиний хомсдол дахин нүүрлэн шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, иргэд 3–5 цаг дугаарлаж байж багахан хэмжээний бензин авч байгаа бол зарим нь хоосон буцаж байна. Тэгвэл шатахууны хомсдолтой байгаа энэ үед бензин шаглаж зардаг дамчдын бизнес өргөжиж байна. Тухайлбал, 1 литр АИ-92 бензинийг 8–10 мянган төгрөгөөр борлуулж байна гэх зар цахим орчимд цөөнгүй байна. Харин ингэж газрын тосны бүтээгдэхүүнийг шаглаж зарах нь хууль бус үйлдэлд тооцогддог байна.
Цахим орчинд "Шагийн шатахуун авна”, эсвэл “Шатахуун байна. Нэг литр нь ₮10,000, хүргэлт үнэгүй" гэх зарууд газар авчээ. Улс даяар шатахуун ховордож эхлэх үед шагийн бизнес цэцэглэдэг болоод цөөнгүй жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг энгийн АИ-92 бензин литр нь 3,040 төгрөгөөр зарагдаж байгаа бол евро-5 төрлийн АИ-92 бензин 4,970 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин 5,180 төгрөгөөр зарагдаж байгаа АИ-95 төрлийн бензиний шагийн үнэ литр нь 8,000-10,000 төгрөгийн үнэтэй байна.
Харин иргэдийн зүгээс яах ч аргагүй нөхцөл байдалд орж, бензин олдохгүй болохоор шагийн бензинийг өндөр үнээр авч байна. Тухайлбал, шагчид бензинийг 20 литрээс доош өгөхгүй учир 20 литр бензинийг 160 мянган төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрджээ. Тэгвэл иргэдийн зүгээс шаглаж зарж байгаа хүмүүсийг ШТС-ийн түгээгч нарын хамаарал бүхий хүмүүс байж болзошгүй тул сайтар шалгах хэрэгтэй гэж үзэж байна.
Тэгвэл бензин, шатахууныг жижиглэнгээр савлаж зарж байгаа нь зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйл буюу “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчиж байна. Хууль зөрчсөн иргэнийг зөвшөөрөлгүйгээр жижиглэнгийн эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хувь хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм байна.
Мөн иргэдэд бензиний талон олгоно, шагийн бензин хямд байна гэх мэтээр иргэдийг хуурч, мөнгө залилсан тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул иргэд цахим орчинд түгээж буй мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй байна. Тухайн мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж, танихгүй хүн рүү мөнгө шилжүүлэхгүй байх, бензин болон шатахуун худалдаж авахдаа баталгаатай эх сурвалж, зөвшөөрөлтэй худалдаа эрхлэгчдийг сонгох шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруул байна.