Өвлийн улирал ойртсонтой холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 60 орчим хувьтай байна. Хуралдааны явцад цас мөс тогтох, гэнэтийн дулаарал, гэнэтийн хүйтрэлээс үүдэх эрсдэлийг онцгойлон тооцох тал дээр анхаарахаар болсон байна. Учир нь цаг агаарын урьдчилсан төлөвөөр өвлийн ихэнх сард дулаан байх ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа юм.
21 аймагт энэ оны өвөлжилттэй холбоотой 200 гаруй асуудал байгаа бөгөөд тэдгээрийн шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна. Тэгвэл үлдсэн асуудлуудыг өвөл эхлэхээс өмнө шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудал, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь өвөлжилтийн бэлтгэлд хүндрэл учруулах эрсдэлтэй байна. Тиймээс дулаан, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ, санхүүжилтийг яаралтай тодорхойлохоор болжээ.
Мөн улсын онцгой комиссын хуралдаанаар мал аж ахуйн салбарын бодит нөхцөл байдлыг тодорхойлохын тулд малын тооллогыг технологид суурилан шинэчилж, нэгдсэн мэдээллийн сантай болох асуудлыг хөнджээ. Шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Ховд аймгуудад устгасан 4155 толгой малд нийт зургаан орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.