Манай улсад жилд 8000 орчим хүн хорт хавдраар шинээр өвчилж, 4500 орчим хүн нас барж байна

Манай улсад жилд 8000 орчим хүн хорт хавдраар оношлогдож, 4500 орчим хүн уг өвчний улмаас нас барж байна. Энэхүү нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл хоёр дахин нэмэгдэх тооцооллыг ДЭМБ-аас гаргажээ. Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төвөөс “Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, инновац, хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Манай улсад хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх боломжтой энэ өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор тус эрдэм шинжилгээний хурлыг 20 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус хуралд нийслэл болон орон нутгийн хавдар судлалын эмч, мэргэжилтнүүдээс гадна олон улсын хавдар судлаач, эмч, мэргэжилтнүүд оролцож, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, инновац, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Хурлын үеэр хорт хавдрын өвчлөлийг бууруулахад урьдчилан сэргийлэлт болон эрт илрүүлгийн ач холбогдлыг онцоллоо. Учир нь манай улсад хорт хавдраар оношлогдож буй иргэдийн талаас илүү хувь нь өвчний хожуу үе буюу 3, 4-р шатанд оношлогдож байгаа нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж, нас баралтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг болж байна. Иймд мэргэжилтнүүдийн зүгээс хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний амьдралын чанарыг хадгалах, нас баралтыг бууруулах боломжтойг онцолж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд зөвлөжээ.

Мөн хорт хавдрын эрт илрүүлгийг сайжруулахын тулд оношилгооны шинэ технологи нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутаг дахь эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ чиглэлээр Монгол улсад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр энэхүү хурлыг зохион байгуулдаг байна. Мөн  хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй энэ үед зөвхөн эмчилгээний арга хэмжээнд анхаарахаас илүүтэйгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь чухал гэдгийг эмч мэрэгжилтэнүүд онцоллоо.