Эрх баригчдын дотоод үл ойлголцол, эрх мэдлийн төлөөх тэмцэл талцал хэрээс хэтэрч, нийгмийн суурь үйлчилгээ, тэр дундаа боловсролын салбарын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж эхэлснийг салбарынхан анхааруулж байна. УИХ-аар энэ оны төсвийн тодотгол хэлэлцэгдэхгүй сунжирсны улмаас энэ сараас эхлэн багшийн болоод боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссээд байна.
Эргэн сануулахад боловсролын салбарын ажилтнууд, багш нар хөдөлмөрийн үнэлэмжээ бодитой болгохын тулд үндсэн цалинг хамгийн багадаа 3.5 сая төгрөгт хүргэх гол шаардлагыг тавьж өнгөрөгч оны 9-р сараас улс орон даяар ажил хаялт тэмцэл зарлаж байсан. Улмаар ЗГ болон тухайн салбарынхан зөвшилцөлд хүрч харилцан тохиролцсоноор суурь цалинг 2.8 сая төгрөгт хүргэх, цаашид 3.5 сая төгрөгийн зорилтот түвшинд үе шаттай шилжих нэмэлт гэрээг үзэглэснээр 2025 оны 11-р сарын 3-ны өдөр тэмцэл дуусгавар болж байсан. Гэвч багш нарын цуврал жагсаал, хууль ёсны тэмцлээр олж авсан энэхүү үр дүн, төрөөс өгсөн амлалтууд төсвийн тодотголын гацаанаас үүдэн нурах аюул тулгарлаа. Цалингаа нэмүүлэхээр тэмцэж байсан багш нар энэ сараас цалингаа авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгийг үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.
Төр засгаас амласан цалингийн нэмэгдэл бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаа төдийгүй, үндсэн цалингаа ч цаг хугацаандаа авч чадахгүйд хүрэх эрсдэл нүүрлэсэнд салбарынхан бухимдалтай байна. Хэрэв шийдвэр гаргах түвшний байгууллагууд улс төрийн маргаанаа асуудлыг шийдвэрлэхгүй бол дахин ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ.
Боловсролын салбарт ажиллаж буй 50 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин саатах нь зөвхөн тэдний гэр бүлийн амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй, сургалтын чанар, сургууль цэцэрлэгийн хүртээмжид шууд цохилт болох юм. Багш нарын дутагдал хэдийнээ үндэсний хэмжээний асуудал болоод буй энэ үед цалин хөлсийг хугацаанд нь өгч чадахгүйд хүрэх нь салбараас дайжих боловсон хүчний урсгалыг улам хурдасгах аюултай. Энэхүү нөхцөл байдал нь зөвхөн боловсролын салбарт гэлтгүй эрүүл мэндийн салбар болоод бусад нийгмийн нэн шаардлагатай салбаруудад нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.