Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд ЗГ-ыг огцруулах асуудал 3 дахь удаагаа яригдаж эхэллээ

Ийнхүү иргэд нь амьжиргаагаа залгуулж чадахгүй байдалд хүрч бүхий л аргаар  тэмцэлээ илэрхийлж байхад төрийн ордон эрх баригчид дахин засгийн газраа огцруулах эсэх дээр  сандал суудлын тооцоо хийж байжээ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд засгийн газрыг огцруулах асуудал ийнхүү 3 дахь удаагаа яригдаж байгаа нь энэ юм.  

Ерөнхий сайд Н.Учрал япон улсын айлчлалаас дөнгөж эх орондоо ирээд байгаа энэ үед АН-ын зүгээс засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг дахин хөндөж, УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд засгийн газрыг огцруулах саналыг АН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээ мэдэгдлээ. Учир нь шатахууны хомсдол, үнийн өсөлт, төрөөс олгосон санхүүжилтийн үр дүнгүй зарцуулалттай холбоотой асуудлуудыг Засгийн газарт хариуцлага тооцох үндэслэл болгон тавьж байна. Тухайлбал шатахууны хомсдол 7-р сараас эхэлсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй, иргэд шатахуун авахын тулд дараалалд зогссоор байгааг АН-ын зүгээс шүүмжилж байна. Учир нь шатахуун импортлогчдод нөөцийн сав байгуулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон, үүнтэй холбоотой зээлийн хүүгийн татааст 2026 онд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн “Эрдэнэс тавантолгой”-н 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт нэг компани ганцаараа оролцож шалгарсан асуудлыг шалгах шаардлагатай гэсэн юм. 

Харин АН-ын энэ шаардлагад МАН-ын зүгээс улс төрийн хариуцлагыг олонх болсон нам өөрөө хүлээх ёстой, цөөнх засгийн газрыг огцруулах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Мөн засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилж чадахгүй бол парламент тарах үндсэн хуулийн нөхцөл үүсэх эрсдэлтэй байна.  

Өнөөгийн үүсээд байгаа асуудал нь зөвхөн Засгийн газар огцрох эсэхээр хязгаарлагдахгүй. Шатахууны хомсдол, үнийн өсөлт, төрийн мөнгөний зарцуулалт, хөдөө аж ахуйн салбарт олгосон 4.4 их наядын хөнгөлөлттэй зээлийн үр дүнгээс эхлээд засгийн газрын хариуцлага, парламентын тогтвортой байдал хүртэлх өргөн хүрээний асуудал тавигдаж байна.