ОХУ болон НАТО-ын харилцаа түүхэн доод цэгтээ хүрч, Москвагаас барууны холбоотнуудад хатуу бөгөөд ноцтой цөмийн анхааруулгыг хүргүүллээ. Тухайлбал ОХУ-ын гадаад хэргийн яамнаас “Хэрэв нато оросын газар нутгийн нэг хэсэг болох Калининград мужийг агаар болон тэнгисээр тусгаарлах, бүслэх ямар нэгэн алхам хийвэл" цөмийн зэвсгээр цохилт өгөхөд бэлэн гэж анхаарууллаа.
Польш болон Литва хэмээх НАТО-гийн гишүүн орнуудын дунд орших Калининград нь ОХУ-ын засаг захиргааны нэгж юм. Тэгвэл ОХУ-ын тагнуулын байгууллага НАТО-ын цэргийн эвсэл калининград мужийг бүрэн тусгаарлаж, эх газраас нь таслах бэлтгэлээ хангаж байгаа гэж буруутгажээ. Түүнчлэн Балтийн тэнгис орчмын бүс нутагт НАТО-ын цэргийн сургуулилалт, тагнуулын нислэгүүд урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн гэж Оросын тал буруутгаж байна.
ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хэрэв энэ улаан шугамыг давбал мөргөлдөөний эхний цагаас л НАТО-ын гишүүн орнуудын "Шийдвэр гаргах төвүүд" рүү тактикийн болон стратегийн цөмийн пуужингуудаар цохилт өгнө гэж сүрдүүллээ. Харин НАТО-ын талаас уг сүрдүүлгийг эрс няцааж, "Хариуцлагагүй, сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлэх гэсэн хий хоосон оролдлого" гэж нэрлэлээ. НАТО-ын удирдлагууд Калининград мужийг бүслэх ямар ч төлөвлөгөө байхгүй, энэ бол Оросын талын зохиомол айдас бөгөөд Украинд үзүүлж буй барууны тусламжийг зогсоох гэсэн ээлжит арга хэмээн тайлбарлаж байна. Өдгөө Балтийн тэнгисийн орнууд болон НАТО-гийн зүүн жигүүр аюулгүй байдлын бэлтгэлээ дээд цэгт нь хангаж байгаа бөгөөд оху европын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх, галдан шатаах зэрэг 'Хайбрид дайн' өдөөж байна гэх дуулиан шуугиан ид дэгдээд буй энэ үед уг цөмийн маргаан дэгдсэн нь байдлыг улам ч ноцтой болгож байна.
Шинжээчдийн хэлж буйгаар Калининград бол зүгээр нэг газар нутаг биш, НАТО-ын цэргийн хүчний дунд орших оросын "Цөмийн хавх" юм. НАТО шахалтаа улам чангаруулсаар байвал Орос үнэхээр буланд шахагдаж, ямар ч урьдчилсан сануулгагүйгээр тактикийн цөмийн пуужин харваж болзошгүй хамгийн эрсдэлтэй цэг үе ирээд байна.