Өнгөрөгч лхагва гарагт Дубай хотоос Израилын Тель-Авив хотын чиглэлд 174 зорчигч тээвэрлэж явсан Flydubai компанийн онгоц агаарт удирдлагаа алдаж, чөлөөт уналт хийж ослын аюултай тулгарчээ. Тэгвэл тус хөлгийн туслах нисгэгч нь үндсэн нисгэгч рүүгээ хутга барин дайрч, зорчигчидтой нь хамт онгоцыг сүйрүүлэхийг завдсан гэж гэрчүүд хэвлэлд ярьжээ.
Хэрэг явдал онгоц газардахаас нэг цагийн өмнө иордан улсын агаарын орон зайд зорчих үед эхэлсэн байна. Тухайн үед бүхээг дотроос хашхирах дуу чимээ гарч, онгоц эргэлдэж жолоодлогоо алдан, ердөө хоёрхон минутын дотор 10 мянган метрээс 5300 метр хүртэл доош унаж эхлэхэд зорчигчид болон онгоцны үйлчлэгч нар хаалгыг нь эвдэн бүхээгт нэвтэрчээ. Харин яг энэ үед нисгэгчдийн бүхээг дотор оман улсын иргэн болох туслах нисгэгч нь энэтхэгийн иргэн, үндсэн нисгэгч Смит Маччхарыг хутгалж, онгоцны жолоодлогын системийг эвдэн, зорчигчидтой нь хамт унагах хорлон сүйтгэх ажиллагааг явуулж байжээ.
Зорчигчид болон хөлгийн багийн бусад гишүүд халдлагад өртсөн нисгэгчийг аварч, халдагчийг хүчээр дарж хүлсэн байна. Улмаар аз таарч, тухайн онгоцонд ажлаас гадуур зорчиж явсан өөр нисгэгчид байсан тул хөлгийн жолоодлогыг гартаа авч, онгоцыг Саудын Арабт аюулгүй газардуулж чаджээ. Халдлагад өртсөн нисгэгчийг Саудын Арабын эмнэлэгт хүргэсний дараа биеийн байдал нь тогтворжсон гэж хэвлэлээр мэдээлжээ. Израилын батлан хамгаалах яам болон тагнуулын байгууллагууд үүнийг "Жихадист террорист халдлага" гэж тодорхойлж байна. Саудын Арабын тусгай алба халдлага үйлдэгчийг баривчилж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. 10-р сарын 7-ны халдлагын 2 жилийн ойн хар өдөр ойртож, Ойрх дорнодын нөхцөл байдал туйлдаа хүртэл хурцадсан энэ үед гарсан уг хэрэг нь олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын системд, тэр дундаа нисгэгчдийн сэтгэцийн болон үзэл суртлын шалгалтад маш том анхаарлын тэмдэг тавиад байна. Израилын ерөнхий Биньямин Нетаньяху халдлагыг зогсоож, 170 гаруй зорчигчийн амийг аврахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг баатар гэж тодорхойлж, сайшаасан байна.