ОХУ-ын Сибирийн бүс нутагт аюултай тахал өвчин дэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсэж, лабораторийн нэг ажилтан амиа алдаж, 200 гаруй ойрын хавьтагчийг тусгаарлаад байна. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа төдийгүй ОХУ-ын талд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Тэрээр уг үйл явдлыг маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд тахал өвчнийг маш хүнд, аймшигтай эмгэг хэмээн тодорхойлж, хэдийгээр хоёр улсын харилцаа хурцадмал байгаа ч хүмүүнлэгийн үүднээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд тусламжийн гар сунгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү олон улсын түвшний түгшүүр Сибирийн Иркутск хотын тахал судлалын хүрээлэнд ажилладаг 28 настай эмэгтэй лабораторийн ажилтан тодорхойгүй шалтгаант уушгины хатгалгаагаар гэнэт нас барснаар эхэлжээ. Амиа алдсан судлаач эмэгтэй ажил дээрээ тахлын нян агуулсан хуруу шилийг алдаж хагалснаас, эсвэл зэрлэг мэрэгчид дунд тахлын голомт идэвхтэй байдаг бүс нутагт хээрийн судалгаа хийж явахдаа халдвар авсан байж болзошгүйг эх сурвалжууд хэвлэлд ярьжээ.
Уушгины тахал нь “Yersinia pestis” нянгаар үүсгэгддэг, агаар дуслын замаар хүнээс хүнд маш хурдан халдварладаг бөгөөд нууц үе нь ердөө 24 цаг үргэлжилдэг тахлын хамгийн аюултай хэлбэр юм байна. ОХУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хяналтын газар нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан, шинжилгээгээр аюултай нян илрээгүй гэж мэдэгдэж байгаа ч урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Талийгаачийн хэвтэн эмчлүүлж байсан Шелехов дүүргийн нэгдсэн эмнэлэг болон түүний ажиллаж байсан судалгааны хүрээлэнд хатуу хөл хорио тогтоожээ. Мөн амиа алдсан судлаачийн ойрын хавьтал болох эмнэлгийн ажилчид, гэр бүл, хамт олон зэрэг 200 орчим хүнийг олж тогтоон, эмнэлгийн тусгаарлалтад оруулж, хяналтад аваад байна. Иркутск мужийн захиргаанаас олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж, орон нутгийн зарим үйлдвэрүүд ажилчдаа амны хаалт зүүхийг шаардаж эхэлсэн бөгөөд АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв уг халдвар олон улсад тархах эрсдэлтэй эсэхийг нарийвчлан судалж байна.