“Тархины мэдрэлийн эсүүдийг гэрлээр удирдах” аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн анагаах ухааны шагнал хүртлээ

Даваа гарагт нобелийн хорооноос 2026 оны физиологи, анагаах ухааны салбарын нобелийн шагналтнуудыг албан ёсоор зарлалаа. АНУ болон Германы гурван эрдэмтэн "Оптогенетик" буюу мэдрэл судлалын салбарт хувьсгал хийсэн цоо шинэ аргачлалыг хөгжүүлсэн тул шагнал олгосон гэж мэдээллээ. 

Хүн төрөлхтний хамгийн нууцлаг, тайлагдашгүй эрхтэн болох тархины дотоод ажиллагааг гэрлийн тусламжтайгаар "асааж, унтраах" молекул шилжүүлэгчийг бүтээсэн АНУ, Германы гурван эрдэмтэн 2026 оны физиологи, анагаах ухааны салбарын нобелийн шагналыг хамтран хүртлээ. Энэхүү анагаах ухааны нээлтийн нарийн түүх нь  ердөө 1.3 килограмм жинтэй хүний тархины бүтцийг судлахын тулд нэг эст ногоон замгийг судалснаар эхэлсэн байна. 

Германы эрдэмтэд болох Петер Хегеманн, Георг Нагель нар анх 1990-ээд онд нэг эст замаг хэрхэн гэрэл рүү маш хурдтай тэмүүлдэг нууцыг судалж, тухайн замгийн бүтцэд цэнхэр гэрэл тусах үед хормын дотор нээгдэж, цахилгаан импульс үүсгэдэг "channelrhodopsin" хэмээх уураглаг ионы сувгийг олж илрүүлсэн байна. Энэхүү уураг нь хүний нүд гэрлийг мэдэрснээс даруй 20 дахин хурдан хариу үйлдэл үзүүлдэг өндөр мэдрэмжтэй молекул байжээ. 

Үүний дараа Стэнфордын их сургуулийн сэтгэцийн эмч, биоинженер Карл Дейсерот өөрийн өвчтөнүүдийн тархины эмгэгийн шалтгааныг нарийн оношлох арга хайж байхдаа уг судалгааг шинэ шатанд гаргажээ. Тэрээр замагны гэрэл мэдрэгч генийг лабораторийн хулганы тархины мэдрэлийн эсүүдэд амжилттай суулгаж чадсан байна. Уг туршилтын үр дүнд мэдрэлийн эсүүд гэрэлд мэдрэг болж, эрдэмтэд маш нарийн оптик шилэн кабелиар дамжуулан цэнхэр гэрлийн импульс өгөхөд хулганы тодорхой зан төрх, хөдөлгөөнийг шууд удирдах боломжтой болжээ. Өдгөө "Оптогенетик" нь дэлхийн өнцөг булан бүрийн лабораториудад Альцгеймер, Паркинсон, Шизофрени, гүн сэтгэл гутрал, уналт таталт болон төрөл бүрийн донтолтын суурь шалтгааныг тархины эсийн түвшинд зураглан судлах хамгийн хүчтэй зэвсэг болоод байна. Мөн харааны мэдрэлийн эсийг гэрлээр цочроох замаар хараагүй болсон хүмүүсийн харааг хэсэгчлэн сэргээх клиникийн туршилтууд амжилттай хийгдэж эхлээд байгаа юм. Гурван эрдэмтэн нобелийн шагналын 12 сая Швед крон ойролцоогоор 1.2 сая ам.долларыг тэнцүү хувааж авах бөгөөд ёслолын үйл ажиллагаа ирэх 12-р сард зохион байгуулагдах юм.