Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьд хүрчээ. Дүүжин замын тээврийг энэ оны 12-р сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд аюулгүй ажиллагааны тохируулга болон туршилтын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлж, туршилтын горимоор ажиллуулж эхэлжээ.
Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжүүлж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус тээврийн систем нь нийт 98 кабинаар цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Монгол улсад анх удаа хэрэгжиж буй энэхүү төслийн туршилтын үе шат одоогоор үргэлжилж байгаа бөгөөд туршилтын хүрээнд таван кабин замд гарч, системийн үйл ажиллагааг шалгаж байна. Туршилт 10 хоног үргэлжилж үүний дараа нийт 98 кабин бүхий дүүжин замын тээврийн системийн байнгын туршилт, тохируулгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү төслийг Франц улсын засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлийн хугацаа 40 жил юм байна. Төслийг ашиглалтад оруулснаас хойш 12 дахь жилээс зээлийн эргэн төлөлтийг эхлүүлэх бөгөөд 2038 оноос төлж эхлэхээр төлөвлөжээ. Харин зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөгдөх нөхцөлтэй. Түүнчлэн тус төслийг Яармаг-Хархорин чиглэлд хэрэгжүүлсэн шалтгааныг тодруулахад, хотын төв рүү дүүжин тээвэр явуулах тохиолдолд газар чөлөөлөлт, дэд бүтэц болон бусад олон асуудал тулгарах учраас Яармагаас Хархорин чиглэлд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Хархорин зах орчмоос яармаг хүртэл богино хугацаанд зорчих боломж бүрдэж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Дүүжин замын тээвэр нь барилгын хугацаа богино, хөрөнгө оруулалт харьцангуй бага, газар чөлөөлөх шаардлага багатайгаас гадна байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай болохыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас онцолж байна. Мөн 100 хувь цахилгаанаар ажилладаг тул дуу чимээ, агаарын бохирдол үүсгэхгүй. Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1,035 автомашин, 35 автобусны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүйцэх хэмжээний зорчигч тээвэрлэх боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.