2025–2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын нэгдсэн үнэлгээгээр нийт нутгийн 63.7 хувьд даац хэтэрсэн үзүүлэлт гарчээ

Үндэсний статистикийн хорооны 2025 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр манай улсын нийт мал сүрэг 58.1 сая толгойд хүрсэн байна. Үүнээс хангайн бүсэд 13.7 сая, говийн бүсэд 7.8 сая орчим мал тоологджээ. Хэдийгээр мал сүргийн тоо толгой жил ирэх тусам өсөж байгаа ч байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэл тулгарсаар байна. Тухайлбал, 2025–2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын нэгдсэн үнэлгээгээр улсын нийт нутгийн 63.7 хувьд даац хэтэрсэн гэсэн үзүүлэлт гарчээ. Сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарал хурдацтай явагдаж байгаагийн улмаас ургамлын гарц муудах, усны эх үүсвэр хомсдох үйл явц эрчимжиж, бэлчээрийн талхлалтыг улам бүр даамжруулж байна

Манай улсын мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг салбаруудын нэг. Ган, зуд, усны хомсдол зэрэг эрсдэл нэмэгдэхийн хэрээр малчдын амьжиргааны үндэс болсон бэлчээрийн ашиглалт, менежментэд анхаарах шаардлага ч нэмэгдэж байна. Мөн энэ хүрээнд тулгамдаж буй чухал асуудлын нэг бол бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоог зохицуулахаас гадна малчдын төлсөн татварыг бэлчээрийн менежментэд зарцуулах асуудал чухал гэдгийг албаныхан онцолж байна. 

Мөн малын бэлчээрийг хувьчлах асуудал яригдах үед малчдын дунд ойлголтын зөрүү гардаг байна. Ингэснээр малчид хоорондын зөрчилдөөнөөс үүдсэн олон асуудлууд үүсэж хэн хэн нь хохирол амсдаг учир бэлчээрийг хувьчлах нь зөв шийдэл биш гэдгийг малчдын зүгээс хэлж байна. Мөн бэлчээрийн хүрэлцээ муудахын хэрээр малчид отор нүүдэл хийх, өөр аймаг, сумын нутагт очих үед бэлчээрийн маргаан гарах нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймээс эдгээр асуудлыг зөвхөн малчдын хүчээр бус, төр засгийн зохицуулалт, орон нутгийн хамтын ажиллагаагаар шийдэх шаардлагатайг малчдыг төлөөлөл хэлж байна. 

Мөн малчдын төлсөн малын тоо толгойн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, газрын төлбөр зэрэг нь малчдад ямар нэгэн байдлаар эргээд үр дүнгээ өгөх ёстой ч алслагдсан аймаг сумдын малчдад хүртээмжгүй хэвээр байгаа юм.