АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Иран улс ураны баяжуулалтаа зогсоовол дайн дуусгавар болно” гэж мэдэгдлээ

Өнгөрсөн 2-р сарын сүүлээр эхэлж  дэлхийн геополитик болон эрчим хүчний зах зээлийг доргиож байгаа Ираны дайны эцэслэх цорын ганц гарц нь Техраны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэж цагаан ордноос мэдэгдлээ. Мягмар гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Иран улс дайныг зогсоохыг үнэхээр хүсэж байгаа бол уран баяжуулах хүчин чадлаа бодитоор бууруулж, зэвсгийн түвшний үйлдвэрлэлээ зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ. 

Ж.Д.Вэнс энхийн зорилготой гэж халхавчилсан 60 хувийн баяжуулсан ураны түлш нь Ираныг цөмийн зэвсэг рүү тэмүүлж буйн тодорхой нотолгоо гэж хэллээ. Мөн АНУ цаашид хоосон амлалт худалдаж авахгүй, зөвхөн бодит үйлдлийг л шалгуур болгоно гэдгийг тэрээр онцоллоо. 

Уг мөргөлдөөн нь сар бүр тэрбум тэрбумаар хэмжигдэх цэргийн зардал дагуулж, Ормузын хоолойн тээвэрт заналхийлж байгаа нь конгрессын сонгуулийн өмнө Д.Трампын засаг захиргаанд улс төрийн том дарамт болж байгаа юм. 

Ираны дээд удирдагч Али Хаменеи халдлагад өртөж амь үрэгдсэнээс хойш Техраны төрийн эрх барих дээд бүтэц тодорхойгүй болсон хэдий ч АНУ-ын засгийн газар Ираны ерөнхийлөгч болон гадаад хэргийн сайдын түвшинд яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэрэв Иран цөмийн амлалтаа бодитоор биелүүлбэл эдийн засгаа сэргээх 300 тэрбум долларын дахин босголтын санг нээх урамшуулал дагалдах боломжтой ч хэлэлцээр амжилтгүй болбол сонгуулийн дараа илүү өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулахыг анхаарууллаа. Тэрээр  "Хэрэв та цөмийн зэвсэг бүтээхийг хүсээгүй юм бол яагаад 60 хувийн баяжуулсан түлш хэрэгтэй гэж? Хэрэв цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэдгээ батлахыг хүсэж байвал баяжуулсан түлш бүү үйлдвэрлэ. Энэ бол маш энгийн босго асуудал юм" гэж хэлжээ.