Франц улсад 900 орчим ахлах сургууль хаагдаж, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж эхэлжээ

Франц улсад боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардсан сурагч, багш, эцэг эхийг хамарсан томоохон жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий болон ус шүршигч ашиглан тарааж эхэлжээ. Мягмар гарагт  Францын ерөнхий сайд Себастьян Лекорню эсэргүүцлийн арга хэмжээг "Сүүлийн хэдэн арван жилд гараагүй хамгийн ширүүн, хүчирхийлэл дагуулсан сурагчдын жагсаал" гэж тодорхойлжээ.

Боловсролын тэгш бус байдал, хуучирч муудсан сургуулийн барилга, анги танхим, орчныг эсэргүүцсэн Францын өсвөр үеийнхний дуу хоолой өнөөдөр Парис хотын гудамжнаас хальж, улс орныг бүхэлд нь хамарчээ.

Хэдэн арван мянган ахлах сургуулийн сурагчид болон оюутнууд хичээлийн танхимаа орхин гудамжинд гарсан бөгөөд тэдний шаардлага маш тодорхой, тууштай байгаа юм. Тухайлбал, жагсагчид боловсролын салбар олон жилийн турш санхүүжилт дутмаг, улс орны стратегийн гадна үлдсэн тул санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх, сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарын хомсдолыг арилгах, түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэт олширч 35-д хүрээд байгааг бууруулж анги дүүргэлтийг цөөлөхийг шаардаж байна. Түүнчлэн сурагчид харх үржиж, дээврээс нь ус гоожих хэмжээнд хүртэл хуучирч муудсан сургуулийн барилга, орчин нөхцөлийг яаралтай засварлаж, шинэчлэхийг засгийн газраасаа шаардан тэмцэж байна.

Өнгөрсөн мягмар гаргаас эхлэн цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд хүч хэрэглэж эхэлсэн гэж Францын хэвлэлээр мэдээллээ. Хууль сахиулагчид усан буу ашиглан хүч хэрэглэж, 6500 гаруй өсвөр насны хүүхдийг баривчилсан нь тэмцэгчдийн уур бухимдлыг улам бүр дэвэргэжээ. 

Одоогоор сурагчдын холбоо болон жагсагчид эрх баригчид шаардлагыг нь бүрэн биелүүлэх хүртэл сургуулиудын үүдийг хааж, хичээл хаялтыг үргэлжлүүлэн, тэмцлийн арга хэмжээг улам бүр өргөжүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байна. 

Оюутан залуус, багш нарын дэмжлэгийг авсан уг хөдөлгөөн ойрын хугацаанд намжих шинжгүй байгаа бөгөөд хэрэв Францын эрх баригчид  боловсролын салбарт бодитой шинэчлэл, төсвийн хуваарилалт хийхгүй бол тэмцэл улам ширүүсэж, франц улс даяар сургалтын үйл ажиллагаа бүрэн зогсох аюул нүүрлээд байна.