Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ 

Манай улсад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг насанд хүрэгчтэй ижил процессын дагуу шүүдэг байна. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, насанд хүрсэн хойно дахин гэмт хэрэгт холбогдох эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Тиймээс гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг санаачилж тус хууль 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүхэд ажиллах хүүхэд гэр бүлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт өчигдөр эхэллээ.

Хүүхэд холбогдсон нийт гэмт хэргийн 65 хувь нь хулгай, дээрэм, 20 хувь нь зодоон, танхай, 10 хувь нь цахим орчинд залилан мэхлэх, доромжлох, харин 5 хувь нь бусад төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байна. Тухайн онд гэхэд 209 өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдож, тэдний 45-49 хувь нь шүүхээр хорих ялаар шийтгүүлжээ. Хүүхдийн хэргийг ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлэх нь тэдний сэтгэл зүйн онцлогийг орхигдуулж, хэргийн бодит үнэнийг тогтооход хүндрэл учруулдаг. Харин дагнасан шүүх нь хүүхдийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж харахаас илүүтэй, яагаад ийм зам руу орсон шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлж, засаж хүмүүжүүлэхэд чиглэх ёстой юм байна. Энэ хүрээнд гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, тус шүүхэд хүүхэд, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллах шинэ тогтолцоо бүрдэж байна. Ингэснээр гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааны цаад шалтгаан, нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судалж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

“Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн” нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлах, шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчилсан болон хамтарсан ярилцлага хийх, нөхцөл байдлын шинжилгээ хийх, судалгааны үр дүнд үндэслэн тайлан боловсруулах чиг үүрэгтэй ажиллах байна. Түүнчлэн хүүхэд, өсвөр насны хүн холбогдсон эрүүгийн хэрэгт тухайн хүүхдийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судалж, шүүхэд шаардлагатай мэргэжлийн мэдээлэл, дүгнэлтээр хангах юм.

Ингэснээр шүүх гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна хүүхдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ, эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзан үзэх боломж бүрдэнэ. Түүнчлэн хүүхдийн дээд эрх ашгийг бодитоор хамгаалах, гэр бүлийн маргааныг зөв шийдвэрлэх, шүүхийн мэргэшсэн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл болж байна гэж албаныхан онцоллоо.